ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хэрээ, хэрээнийхээ харыг гайхагсад буюу хумсаа нуусан ЭМЯ

O.Admin
2021-09-22

Хэлсэн үг нь хийдэг үйлдлээсээ, хийсэн үйлдэл нь хэлсэн үгнээсээ тас зөрдөг үзэгдэл  газар авчихлаа шүү. Нэг жишээ нь Эрүүл мэндийн хэмээх яам. Олон хүн ковидоор өвчлөөд эхлүүт тус яамны, эрүүл мэндийн салбарын хөл толгойгүйг илтгэх батга, ноотой ноцтойг харуулах хатиг бүлт үсрээд гараад ирлээ. Хэн нь хэнийгээ удирдаад байгаа юм, хэн нь үнэн ажиллаад  байгаа юм. Бүү мэд!

Гэхдээ тус яаманд Монголын сор болсон улсууд ажилладаг юм болохоор мэдээж зүгээр сууна гэж юу байхав. Юм хийгээд л байна, хөөрхийс. Юуг гэж үү. Тархалт хавтгайраад ирүүт сайдаасаа өгсүүлээд хөшигний ард нуугдахыг хийж байна. Нуугдсан хойгуур нь хурган дарга гэх сэтэртэнгүүт эмчилнэ, үйлчилнэ гэдгийг яаж  жонхууруулахыг хийж байна. Хэний улсууд эмнэлэгт хэвтэж тэнхрээд, ямар хүмүүс нь гэртээ хоцорч шаналаад байгаад хариулт байна уу?

Яамныхны үнэг адил зальтай зан, эмнэлгүүдийн хурган дарга нарын дорго мэт ичгүүргүй үйлдлийн хөлд хөөрхий муу иргэд болоод эмч, сувилагч, асрагч нар үрэгдэж, чирэгдэж гүйцлээ. Ковидын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ гэдэг зүйл эх захаа алдаж, хүртээмж нь илт суларсан даруйд Эрүүл мэндийн яамчид яамныхаа побвалд улам гүн бүгчихэж байна. Зүгээр ч бүгэхгүй. Өөрсөд дээр нь очих галын хүчийг сарниулах зорилгоор ийм шинэ эмнэлэг байгуулчихвал манай үйлчилгээ яг алах гээд байна хэмээн төрөөс нэхэж, шаардсан шигээ байна шүү.

Хөрсөө эхлээд бэлдэх үүднээс энэ чиглэлийн мэдээ сэлтийг сэвээд хэдүй нь эхэлчихсэн ч байна. Мэдээж, өөрсдөө ил гараад хашгирдаг тэнэг улс биш л дээ. Хэрээ хэрээнийхээ харыг гайхдаг тавиулууддаа хэдэн үг цээжлүүлж өгөөд гудамжинд гарган орилуулж байна. Эрүүл мэндийн салбарынхны нэрийг барьсан улстөржилт угаасаа үеийн үед байсаар ирснийг ч хэлэх үү, газар авахдаа ч урамтай юм. Үүнийг орчин цагийн мэргэн үгэнд юу гэж тодорхойлдог билээ? Аа тийм, ХУМСАА НУУСАН нөгөө ЮУ.

Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр салбарын бодлогыг нэгтгэн зангидаж, чиглүүлэх учиртай яамныхан нь ийм унхиагүй байхаар энэ салбарт олон жил ажиллаад догширчихсон зарим эмч ажилтнууд, “Биднийг царайчилж гуйхаас өөр яаадгийн” гээд даам гарчихсан зарим эмнэлгүүд ковидыг ашиг хонжоо олох хэрэгсэл болгосон нь ч нууц биш. Өвчтөнөө хамаг сайнаараа эмчлээд, ямар нэг урхаггүй болгоод гаргах нь чухал бус, эрүүл мэндийн даатгалын сангаас авах гүйцэтгэлийн санхүүжилтдээ хэт улайрч, хүний тоотой хөөцөлдөхөөс эхлээд ширхэг эм байсан ч дамлачих гээд үзчихдэг увайгүй үйлдлүүд хэн хүний нүдэн дээр гарсаар л байна.  

Гэтэл наад захын цахим болон зайны тусламж үйлчилгээгээ ч олигтойхон хүргэчихэж чадахгүй. Хэнд хандаж, хаашаа очихоо мэдэхээ байсан иргэд чинь 119 гэх утас руу өдөр, шөнөгүй залгаад байна. 100, 200, бүр 1000 удаа залгаад ч тэр утсанд холбогдоноо гэж гонж. Бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбаршуу юм нь хангалттай тооны оператор суулгаад иргэдтэйгээ нэгэн зэрэг холбоо тогтоолгочихож болдоггүй хэцүү ажил уу.

1109-ынхөн энэ тал дээр мундаг ажилладаг шүү. Тэдний сэргэлэн, сэтгэлтэй ажилтнуудыг дайчилдаггүй юмаа гэхэд ядаж “Зөв харилцааг заах зөвлөх”-өөр ажиллуулахгүй дээ. Танай ярдаг, яхир, ямбатай эмч-зөвлөхүүд чинь арай гэж холбогдсон иргэдийг элдвээр нь хэлээд байна, олон юм асуулаа гэж үгээр жанчаад ч байна. Адаг сүүлдээ хохь чинь гээд утсаа шидээд байна. Иргэдийн ийм төрлийн гомдол интернэт орчинд олон гэхэд дэндүү олон боллоо. Эмчилж өгдөггүй юмаа гэхэд ядах нь ээ сэтгэлд нь бяцхаан ч болов оч асаагаад өг л дөө!

Монголын эрүүл мэндийн салбарын 56 мянган ажилтан алба хаагчдын нэр төр наад утасны ард сууж байгаа хэдэн эмч ажилтнуудаас чинь болж шороотой хутгалдах ёсгүй. Одоо хараад байхад эмч, сувилагч голдуу дунд шатныхан л бусдын өмнөөс балбуулаад байх юм. Балбуулах учиртай гол хамсаатнууд нь УОК, ЭМЯ, НОК шдээ. Жонхууг нь хамт хутгалцсан учраас. "Нэр төртэйгөөр балбуулах нь хожим ирэх сайн нэрийн үндэс " гэсэн аугаа үг байдгийг тэд мэддэггүй нь харамсалтай.

Эцэст нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд танаа нөхөрсөг зөвлөгөө өгье. Олон орны жишгээс харж, онол практикийн хэмжүүрээр үнэлвээс төрийн сайд хүнд хоёр том шалгуур тавигддаг юм.

1. Авторитет. Байгалийн шалгарал гэж юм байна шүү. Араатан хүртэл чадвар, ухаанаар илүү нөгөөгөө хүндэтгэдэг биз дээ! Тэгвэл салбарынх нь хэдэн хувь нь сайдыгаа үнэлээд байна вэ?

2. Харизм. "Бичин гараг" хэмээх блокбастер кинонд гардаг даа. Нэг ухаантай бич яаж омгийнхоо лидер нь болдог тухай. Энгийнээр энэ бол харизм. Ийм юмгүй хүнд хэн ч удирдагддаггүй, хэн ч түүнийг дагадаггүй.

Тэгэхээр сайд өөрөөсөө л өөрчлөлтийг эхэл дээ; авторитеттэйгээр,  харизмтайгаар. Тэгэх аваас эрүүл мэндийн салбарт олон жил ужигарсан бөглөөг зад татаж чадах буй за. Чадахгүй аваас өөрөө л огцорч таарах байх даа. Эрүүл мэндийн сайдын насжилт богино юм гэнэ билээ, 31 жилийн түүхээс харахад.

Учир нь энэ салбарт ажил хийж гавьдаггүй хэрнээ жинхэнэ авьяас чадвартай, ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй гавьяатнуудынхаа нэр нүүрийг урдаа бариад бусдыг өдөөн турхирч, тэмцэж жагсаж түйвээж гаршсан цөөнгүй хүмүүс байдаг юм шүү дээ.

Ж.Баяржаргал