ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Энхболд: Дүүргийн төлөөлөгч нар ёсзүй, сахилгын алдаа гаргавал эгүүлэн татна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-23

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх билээ. Үүнтэй холбогдуулан нутгийн өөрөө удирдах байгууллага, дүүрэг орон нутгийн талаар ямар зохицуулалт, өөрчлөлт орсон талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдоос тодрууллаа.

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхлэх дөхөж байна. Хуульд ямар, ямар онцлох өөрчлөлт орсон талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэл хот маань 172 хороотой үйл  ажиллагаа явуулж байна. Сүхбаатар дүүрэгт 20 хороо үйл ажиллагаа явуулдаг. Хороо бол төрийн үйлчилгээний анхан шатны нэгж учраас иргэдэд илүү ойрхон байж, төрийн үйлчилгээг хүргэж байдаг нэгж шүү дээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь 1992 онд анх батлагдаж, 2006 онд нэмэлт өөрчлөлт орсноос хойш хөндөгдөхгүй явсаар 2020 оны арванхоёрдугаар сард шинэчлэн найрууллаа.

Нэлээд томоохон өөрчлөлтүүд хийгдсэн. Тухайлбал, хороон дотроо хэсэгтэй байна. Хэсгийн хуваарийг дүүргийн ИТХ батална. Төрийн үйл ажиллагааг иргэнд ойртуулах гэсэн зохион байгуулалтын хэлбэр шүү дээ.  Бүх шатанд ИТХ-ын тэргүүлэгчид гэж байсныг 2019 онд Үндсэн хуульд орсон  нэмэлт өөрчлөлтөөр тэргүүлэгч гэдгийг байхгүй болгож, зөвлөл ажиллана гэсэн журамтай болсон. Зөвлөлийн ажиллах журмыг Их хурлаас тогтоох учраас батлагдахыг хүлээж байгаа.

-Зөвлөл нь ямар байдлаар ажиллахаар хуульд тусгасан бол. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байх вэ?

-Зөвлөлийн бүрэлдэхүүнд дүүргийн түвшинд 5-7 төлөөлөгч орно. Хорооны түвшинд Засаг дарга, ИНХ-ын дарга нь хуралдаан даргалагч гэдэг нэртэй болсон байгаа. Мөн хэсгийн ахлагч, иргэдийн төлөөллөөс зөвлөл бүрдэх юм.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд байгаа 20 хорооныхоо Иргэдийн нийтийн хурлыг дүүргийн зүгээс он гарч, хууль хэрэгжиж эхэлсний дараа албан ёсоор зохион байгуулахаар шийдсэн. Төсвийн мөнгийг үрэхгүй байх, хууль хэрэгжиж эхэлсний дараа иргэдийн оролцоог хангах шаардлага бий. Мөн хөл хориотой цаг үе учраас нэг дор олноор хүн цуглуулах боломж алга. Тиймээс хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дараа буюу 2022 оны нэгдүгээр сараас хойш ИНХ-аа зохион байгуулна.

-Хуульд төлөөлөгчдийг хариуцлагажуулах зүйл заалт орсон гэдгийг та өмнөх ярилцлагадаа дурдсан байна лээ. Тухайлбал, хариуцлагын ямар механизм хэрэгжиж эхлэхээр тусгаад байна?

-Хуулийн төслийн онцлох заалтуудын нэг гэж хэлж болно. Монгол Улсын хэмжээнд 8100 гаруй иргэдийн төлөөлөгч нар байдаг. Манай дүүрэгт 35 төлөөлөгч ажиллаж байна. Төлөөлөгч нарыг эгүүлэн татах журам орсон байгаа. Журмыг мөн УИХ-аас батална. Төлөөлөгч нарыг ёсзүйтэй, сахилга хариуцлагатай болгох заалтууд орсон байгаа. Шат шатны хурал нь ёсзүйн дүрмээ баталж, тус дүрмийг удаа дараа зөрчсөн бол огцруулах шийдвэр гаргана гэж тусгасан.

Иргэд тухайн шатны хуралдаа асуудал оруулах эрхтэй боллоо. Төлөөлөгчөөр дамжуулахгүйгээр гэсэн үг. Сүхбаатар дүүргийн 150 мянган иргэний таван хувь нь өөрсдөө санаачилж, гарын үсэг зураад хуралд асуудал оруулах ба түүнийг нь хурлаар хэлэлцэх үүрэгтэй гэж тусгасан.

Мөн дүүрэг өөрөө өмчтэй байна гэж хууль оруулсан. Нийслэл, дүүрэг, хороо нь юугаа хийх вэ гэдгээ илүү тодорхой болгож өгч байгаа юм. Тухайлбал, гэрэлтүүлэг, зам засвар, хот тохижилт дүүргийн шийдэх асуудал болсноор илүү тодорхой болгоод өгч байна л даа.

-Он гараад хуралдах ИНХ-аар ямар асуудлуудаа хэлэлцэх бол?

-Хорооны Засаг даргаа сонгох ёстой. ИНХ-ыг даргалагч, зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгоно. Мөн иргэд өөрсдөө асуудлаа оруулж ирж хэлэлцүүлдэг, төрийн бодлого шийдвэрт идэвхтэй оролцох анхан шатны нэгж шүү дээ. Есөн дүүргийн буюу 172 хорооныхоо ИНХ-ыг сонгуулиас хойш хийж амжаагүй л явж байгаа. Хөл хорионоос гадна хуулийн хэрэгжилттэй холбоотой журмаа хүлээж байгаа болов уу.  Энэ бүх зүйл тодорхой болсны дараа хурлаа хийнэ.