ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол-Хятадын хилийн боомт энэ сарын 07-ныг хүртэл амарна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-03

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд БНХАУ-ын Улс тунхагласны баяр тохиож, хоёр улсын хилийн боомт амардаг.

Талуудын Замын-Үүд-Эрээн төмөр замын боомт нь олон улсын төмөр замын тээврийн хуваарийн дагуу хэвийн ажилладаг. Тиймээс өнөөгийн байдлаар хоёр улсын хилд нээлттэй ажиллаж буй 9 боомтоос Замын-Үүд төмөр замын боомт олон улсын төмөр замын ачаа тээврийн хуваарийн дагуу ажиллаж, бусад боомт амарна.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт:

Талуудын хуулиар тогтоосон баяр, амралтын өдрүүдэд боомтыг түр хаана. Талууд хууль ёсны баяр, амралтын өдөр болон холбогдох нэмэлт мэдээллийг дипломат шугамаар харилцан мэдэгдэнэ.

Талуудын хуулиар тогтоосон баяр, амралтын өдрүүд:

Монголын тал:

Шинэ жил – 1 дүгээр сарын 1-ний өдөр, Цагаан сар (билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр), Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр (3 дугаар сарын 8 өдөр), Хүүхдийн баяр (6 дугаар сарын 1-ний өдөр), Бурхан багшийн Их дүйчин өдөр (билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15), Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр (7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр), Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр (11 дүгээр сарын 26-ны өдөр), Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1), Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр (12  дугаар сарын 29-ний өдөр);

Хятадын тал:

1 дүгээр сарын 1-ний өдөр (Шинэ жил), 5 дугаар сарын 1, 2, 3-ны өдөр (Олон улсын хөдөлмөрчдийн баяр), 10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр (БНХАУ-ын Улс тунхагласан баяр) болон Хаврын баяр (билгийн тооллын шинийн 1, 2, 3), Ханш нээх баяр (аргын тооллын 4 дүгээр сарын 3-6), Луут завины баяр (Билгийн тооллын 5 дугаар сарын 5), Намрын дунд сарын баяр (Билгийн тооллын 8 дугаар сарын 15-ний өдөр);

Төмөр замын боомт нь талуудын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын үйл ажиллагааны хуваарийн дагуу ажиллах бөгөөд дээр дурдсан баяр, амралтын өдөр болон боомтын ажиллах цагийн хуваарийн хязгаарлалтад үл хамаарна” гэж заасан байдаг.

Түүнчлэн хятадын талтай дипломат шугамаар харилцсаны дүнд 2021 оны үлдэж байгаа хугацааны монголын талын баярын өдрүүд буюу Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр (11 дүгээр сарын 26-ны өдөр), Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1), Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр (12  дугаар сарын 29-ний өдөр)-үүдэд хоёр улсын хилийн боомтуудыг амралтгүй ажиллуулахаар тохиролцоод байна.