ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалт гэдгийг байр, машин авна гэж ташаа ойлгож болохгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-14

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийнхөө талаар өнөөдөр /10.14/ мэдээлэл хийлээ. Уг хуулийн төслийг өнгөрөгч зургадугаар сарын 21-нд нэр бүхий дөрвөн гишүүн буюу Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, П.Анужин нар УИХ-ын даргад өргөн барьсан ч хоёр гишүүн нь “Бидэнд тайлбарласнаас өөр утгатай зүйл заалт байсан” хэмээн "мэлзэж", хуулийн төслийг буцаан татахаа мэдэгдсэн юм. Тэдний байр суурийг уншигч танд бүрэн эхээр нь хүргэе.

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын босгыг визийн босготой андуурсан

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаанаас яриагаа эхэлье. 2020 оны есдүгээр сард бид Хөрөнгө оруулагчдын чуулган зохион байгуулсан. 2021 оны нэгдүгээр сард мэдээлэл технологийн компаниудаа хэрхэн яаж дэлхийн зах зээлд гаргах вэ гэдгийг 30 гаруй компанийн төлөөлөлтэй ярилцсан. МҮХАҮТ зэрэг худалдааны танхимуудтай ч хэлэлцүүлэг өрнүүлээд энэхүү хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан юм. Засгийн газраас ч санал аваад өргөн барьсан хуулийн төсөл. Гэтэл иргэд Монгол Улсад хөрөнгө оруулах босгыг виз авах босготой андуурч ташаа ойлголт тарсан юм билээ.

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар дэлхийн 118 улс оронд ямар нэг босгогүйгээр хөрөнгө оруулаад бизнес хийх боломжтой байгаа. Зөвхөн 2020 онд гэхэд 40 улс босгоо тэглэсэн. 2021 онд 70 улс орон хөрөнгө оруулалтын босгоо тэглэлээ. Харин манайх хөрөнгө оруулалт хийхэд ээлгүй улсын жагсаалтад байгаа учраас л бид босгыг тэглэх санал оруулсан юм.

Гадаад дотоодын иргэн хамтраад бизнес хийх хууль эрхзүйн орчныг бий болгохгүй л бол сүүлийн 10 жил бид Рио Тинтогийн хөрөнгө оруулалтын талаар л ярилаа. Манай улсын ЖДП 2013 оноос хойш 12 тэрбум дээр гацчихлаа. Байнга тэр хэмжээнд барихын тулд орлогын гол гурван эх үүсвэр буюу экспорт, хөрөнгө оруулалт, зээл гурав бүрдүүлэх ёстой. Экспорт дэд бүтэц сул хөгжсөн учраас түүхий эдийн үнэ өссөн ч бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Хөрөнгө оруулалт энэ хуулийн заалт, ковидоос шалтгаалаад зогсчихсон.

Энэ хэмжээнд барихын тулд бид зээлээр л зохицуулж байгаа. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсын аж ахуйн нэгжийн 25-аас дээш хувийн хувьцаанд нь хөрөнгө оруулан мөнгөө түр дансанд байршуулж, гэрчилгээ гарсны дараа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлөө авдаг. Энэ нь 1-2 сар үргэлжилдэг. Гэтэл одоо бол ковидоос болоод бүгд хаалттай болчихлоо. Монгол Улсын иргэн өнөөдөр “И монголиа” цахим платформыг ашиглаад дурын компаниа байгуулдаг. Тэгвэл энэ хуулиар гадны иргэн ч Монгол Улсын иргэнтэй хамтраад цахимаар үйлчилгээ аваад компани байгуулаад явах нь ээ.

100 мянган ам.доллар нь гадны гэхээс илүү Монголын иргэнд ашигтай. Мэдээлэл технологи, старт-ап компаниуд гадны иргэдтэй хамтраад бизнес хийх гэхээр гадаадын хувьцаа эзэмшигч иргэдийн тоогоор 100 мянган ам.доллар орсон байх ёстой гэдэг.

Тухайлбал, 10 иргэнтэй компаний нэг нь Монгол Улсын иргэн байлаа гэхэд тус бүр 100 мянган ам.доллар гаргах болно. Хэрвээ Монгол Улсын иргэн 50 хувийг эзэмшинэ гэвэл 1.1 сая ам.доллар гаргах асуудал үүсээд байгаа юм. Хөрөнгө оруулалт гэдгийг байр, машин авна гэдгээр ойлгуулж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг томъёолол байхгүй болно. Тухайн аж ахуйн нэгжид хувьцаанд нь хөрөнгө оруулахыг хэлнэ. Жилд 1600 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулагддаг байсан бол энэ жил 35-хан компани байгуулагдлаа. Эндээс бид юу хожих вэ гэдгийг асуухыг хүсэж байна. Ковидын дараа амьдрал үргэлжлэх учраас эдийн засгаа сэргээхээс өөр аргагүй. Тав, зургаан хуулийн төсөл яригдаад явж байна. Тэрний зөвхөн ганц нь энэхүү нэмэлт өөрчлөлт юм. Хөрөнгө оруулагчдаа чөдөрлөсөн хүлээсээ бага, багаар тайлаад явах ёстой.

Х.Булгантуяа: Хуулийн нэгхэн заалтаар хэдэн мянган хятадууд орж ирнэ гэдэг ташаа ойлголт

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд хүн бүхэн эмзэг ханддаг. Бидний хувьд хуулийн төслөө зөвөөр ойлгуулж, олон нийтэд тайлбарлаагүйгээс ийм үл ойлголцол үүсчихлээ. Гадаадын иргэн харьяатын хуулиар Монгол Улсад 500 мянга, 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч байнга оршин суух эрх үүсдэггүй. Хуулиараа Гадаад харилцааны яам, Хуульзүйн яам, ГИХГазар визийг зохицуулдаг. Виз мэдүүлэхэд өгөхгүй байх, яагаад өгөөгүй вэ гэдгээ тайлбарлах албагүй байдаг хатуу хуультай.

Виз авлаа гэхэд Монгол Улсын хил дээрээс буцаах эрхтэй. ГИХГ өнөөдөр 300 орчим ажилтантайгаар хил дээр үйл ажиллагаа явуулж, хэн хаанаас ямар зорилгоор ирж байгааг хянаж байна. Дипломат албанаас бусад хувийн шугамаар Монгол Улсад амьдарч буй гадны иргэдийн тоо манай улсын хүн амын 3 хувиас хэтрэхгүй, нэг улсын иргэдийн тоо 1 хувиас хэтрэхгүй гэж заасан. Энэ тооноос нэг ч удаа хэтрүүлэхгүйгээр барьж явж байгаа. Хуульд мөн та хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч бай Үндэсний хөгжлийн газраас нотлох баримт бичгээ аваад Гадаад иргэн харьяатын газар байнгын оршин суух хүсэлт гаргаж хандах ёстой гэж тусгасан. Тухайн газар тэр иргэнд оршин суух виз өгөх үү, үгүй юу гэдгээ шийддэг хуультай. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэзээ ч Гадаадын иргэн харьяатын эрхзүйн байдлын хуулиас давж үйлчлэхгүй.

Зөвхөн хандах эрх л үүснэ. Бид хуулийг өргөн барихын өмнө Засгийн газраас мөн санал авсан. Засгийн газраас санал ирүүлэхдээ 100 мянган ам.доллар нь гадаадаас орж ирсэн үү, үгүй юу гэдэг нь тодорхой бус байна, мөн тус мөнгөө түр дансанд байршуулчихаад байнгын оршин суугч гэсэн статус авчихаад мөнгөө буцааж татаад байна гэдэг саналууд ирүүлсэн.

Тиймээс хамгийн багадаа Монгол Улсад хоёр ажлын байр бий болгох, ХХОАТ, ААНОАТ төлөх ёстой гэж тусгасан. Х тайлан өгөөд суудаг бус бизнесийн зарчмаар ажиллахыг шаардана. Үүнд Гадаадын иргэн харьяатын газар шалгалт хийж, хууль бус байвал албадан гаргах эрхтэй.

Өнгөрсөн онд гэхэд 30 гаруй иргэний байнгын оршин суух хүсэлтийг цуцалсан, энэ жил 70 гаруй хүсэлтээс татгалзсан байгаа юм. Энэ хууль батлагдчихвал хятадууд хэдэн зуун саяар ороод ирнэ гэсэн тийм задгай асуудал байхгүй ээ. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалж бид маш олон хуулиар энэ бүхнийг зохицуулдаг. Түр оршин суух, байнгын оршин суух, Монгол Улсын иргэншил энэ бүгд чинь тус, тусдаа ойлголтууд. Монгол Улсын иргэншлийг зөвхөн Монголын иргэнд л өгдөг. Гадаадын иргэн харьяатын газар ч иргэншил олгодоггүй. Ерөнхийлөгчийн хэмжээнд яригддаг шүү дээ.

Монгол Улсад ажиллах визийн асуудлыг хүртэл Засгийн газар хуралдаж шийддэг учраас нэгхэн хуулийн өөрчлөлтөөр иргэд хэдэн мянгаар орж ирэхгүй ээ. Ковидын дараа дэлхийн эдийн засаг царцчихсан, хөрөнгө оруулалтын төлөөх тэмцэл болж байгаа энэ үед экспортоо нэмэх үү, эсвэл гадны хөрөнгө оруулалт татах уу гэдэг сонголтын өмнө зогсож байна. Манай улс аль, алийг нь оролдохгүй л бол хэцүү байдалтай байгааг нуух юун. Энэ хуулийг бид УИХ-ын Хуульзүйн хэлтэст хянуулсан. Үндэсний аюулгүй байдалтай харш зүйл алга гэсэн зөвшөөрлийг авсны дараа УИХ-ын даргад өргөн барих эрх үүсдэг. Хууль зөвхөн хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ чигээрээ батлагдах албагүй. Хуульзүйн байнгын хороо ажиллаж, хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг өөрчлөх зэргээр цаашаа явна” гэлээ.

...Дээрх хоёр гишүүний тухайд МҮХАҮТ-д өнгөрөгч тавдугаар сард хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тухайн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ч оролцсон аж. Тэгсэн атлаа яагаад “Би хуулийн төслөө мэдээгүй” хэмээн тайлбар хийснийг мэдэхгүй байна гэв.