ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Консулаас хөөгдсөн Д.Мөнх-Эрдэнэ бүлгийн даргаас хөөгдсөн Д.Ганбатад зөвлөнө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-19

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр албан ёсны танхимдаа хуралдаж, бүлгийн байр суурийг МАН-д худалдсан, гурван сайдын суудлаар тохироо хийх гэж оролдсон Намын бүлгийн дарга Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр өглөө АН-ын бүлгийн даргаасаа хөөгдсөн гэх Д.Ганбат “Би хувийн эрх ашгийн төлөө биш намынхаа төлөө, ард түмний төлөө Ардын намтай уулзсан. Ард түмэн биднийг Засгийн газарт хяналт тавьж ажиллахын тулд дотор нь орж ажилла гэж хүсэж байгаа” хэмээн арьсаа хамгаалж байлаа.

Тэгвэл намын бүлгийн даргаас чөлөөлөгдсөн гэх Д.Ганбат өнөөдөр харин Хөх хотын консулаар ажиллаж байхдаа жип машины хууль бус наймааны асуудалд нэр холбогдон ажлаасаа чөлөөлөгдөн, эх орондоо хөөгдөж ирсэн Д.Мөнх-Эрдэнэ гэгчийг зөвлөхийн албан тушаалд томилж, бүр үнэмлэхийг нь гардуулж өгсөн байх юм.

Ингэснээр Д.Ганбат УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ гэсэн хоёр зөвлөхтэй болж байна. Бүлгийн даргын статусаас хөөгдчихсөн атлаа түүнд энэ эрх мэдлийг хэн өгсөн нь сонирхолтой. АН-ынхны онигоо, шившиг дуусах болоогүй бололтой.