ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Богд уулыг ухаж буй О.Одсүрэнд сайд асан Н.Цэрэнбат дахин зөвшөөрөл олгожээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-21

Өнөөдөр өглөө жүжигчин А.Мөнгөнзул өөрийн нүүр номын хуудсандаа Богд уулыг урдаас нь ухаж эхэлсэн тухай мэдээллийг оруулсан билээ. Тус ухаж эхэлсэн газарт байгаль орчны байцаагч очсон ч яаж ч чадахгүй зогсож байгаа талаар бичсэн байсан юм.

Тэрбээр, “Зайсан толгойг тастаад идчихлээ. Нүдэн дээр чинь Зайсан толгой, Богд уулыг өм өм ухаж байна. Манай гэрийг л ухаагүй бол болоо гэсэн шиг суумааргүй байна, бид. Өчигдөр энд алхаж явахдаа олж харлаа, бичлэг хийх гэсэн боловч цэнэг бага бсан тул хэдхэн зураг дарсан. Хөөрхий нэг байгаль хамгаалагч залуу иргэний дуудлагаар ирсэн байсан. Намайг хараад эгчээ бид үнэхээр дийлэхгүй байна гээд гүйгээд л зураг дараад утсаар яриад байсан. Д.Сумьяабазар та яаралтай энэ түүхт газар дээр ирж шалгаж үйлдлийг зогсоож өгнө үү. Энд ямар компани ийм зоригтойгоор түүхийг сүйтгэж газрыг ухна вэ. Харахаар л бухимдал, зэвүүцэл төрөөд байх юм” хэмээн бичсэн байсан юм.

Тэгвэл иргэдийн энэ мэт гомдлын мөрөөр шалгалт эхэлсэн гэдгийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдэгдлээ. Н.Сугар хэлэхдээ “БОАЖ-ын 2019 оны А-158 дугаар тушаалаар иргэн О.Одсүрэнд 2.041га газар олгосон байна.

Зочид буудал аялал жуулчлалын зориулалттай. Гэхдээ нийслэлээс барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй. Газар дээр нь очиж шаардлага тавин ажиллаж байна” хэмээжээ. Энэ тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбатын үед олгогдсон тусгай зөвшөөрөл байсан нь тодорхой болсон бөгөөд тухайн үед Л.Гүндалайд нэг хоногийн дотор 8 газар өгсөн хэмээн иргэд жагсаж байсныг уншигч та санаж буй биз. Тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн сайдын зөвшөөрлөөр газар олгодог журамтай. О.Одсүрэн гэгч нь 2018 оноос эхлээд л Зайсан орчмыг сэндийчилж ирсэн дуулиантай нөхөр. Тэр ч байтугай Зайсангийн аманд 2008 онд хууль бусаар барилга барьсныг нь тухайн үед мөн л дуулиан шуугиантай нурааж байлаа.

Энэ талаар 2018 онд Тусгай хамгаалалттай газрын дарга Ч.Батсансар мэдээлэл хийхдээ "О.Одсүрэн ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр Богдхан уулын дархан цаазат газрын зүүн энгэрт газар шорооны ажил хийсэн. Тухайн хүнийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн төрөл гэж бид тодорхойлж байгаа. Улсын байцаагч удаа дараа үйл ажиллагаагаа зогсоохыг сануулж, эсэргүүцсэн боловч шаардлагыг хүлээн аваагүй. Зөрчлийн тухай хуулийн дагуу прокурорын дүгнэлт гарч шаардлага хүргүүлсэн хэдий ч энэ долоо хоногт шөнийн цагаар дахиад л ухаж эхэлсэн. Энэ нөхцөлд хяналт тавихаар цагдаа нарыг дууддаг ч ирдэггүй, ирсэн ч тухайн хүмүүст арга хэмжээ тооцож чаддаггүй. Харин энэ удаа сайдын тушаал гарсан нь том дэвшил боллоо гэж бодож байна.

Тиймээс бид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох болно. Эхний удаад буюу энэ долоо хоногт О.Одсүрэнгийн  2008 онд зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгахаар боллоо” хэмээж байлаа. Угтаа О.Одсүрэн гэгч нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн үеэл гэх мэдээлэл байхаас гадна 2018 онд цуцалсан байсан зөвшөөрлийг нь Н.Цэрэнбат сайд байхдаа дахиж олгосон уу гэх асуудал ч яригдаж байна.