ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-21

Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэрэг татлага эхэлж, эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж эхэллээ.

Цар тахалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэсэн бөгөөд УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллахаар төлөвлөжээ.

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх,  мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэйг сануулж байлаа. Мөн ковидын шинжилгээний хариу нь эерэг гарч, “Гэрэгэ” системд бүртгэгдсэн цэргийн насны залуусыг тус хариуг үндэслэн цэрэгт татахгүй юм байна. 

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Жаргалсайхан “Өнөөдрөөс цэрэг татлага эхэллээ. Цэрэг татлагын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Энэ жилийн хувьд коронавируст цар тахлын үед цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Хамгийн гол анхаарах зүйл бол халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин, цэргийн үүрэгтнүүдээ цэрэг татлагад хамруулах юм. Цэрэг татлагад хамрагдаж буй иргэдийн идэвх өндөр байна. Тиймээс залуус маань улам идэвхтэй хамрагдаж, иргэний цэргийн алба хаах үүргээ биелүүлээрэй” хэмээн уриалж байлаа.

 

Өмнөх жилүүдэд эрүүл мэндийн үзлэгийг хоёр шатлалтайгаар хийдэг байсан. Тодруулбал, эхлээд дүүргийн эрүүл мэндийн төвийн үзлэгт хамрагдаад, дараа нь цэргийн төв дамжинд эрүүл мэндийн үзлэгт ордог. Энэ жилээс дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, тэнцсэн цэргүүдийг шууд алба хаах ангиудад нь хуваарилахаар зохион байгуулжээ.

Эрүүл мэндийн үзлэгийн тухай Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дотрын эмч Л.Мэдэхгүй “Одоогийн байдлаар 200 гаруй иргэн эрүүл мэндийн үзлэгт орлоо. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн тулд иргэдийг цөөн тоогоор оруулж байна. Залуучууд архаг суурь өвчин, жингийн алдагдал, дотор, чих, хамар, хоолой зэргээс шалтгаалан эрүүл мэндийн үзлэгт тэнцдэггүй. Төрөлжсөн нарийн мэргэжлийн баг дотор, мэдрэл, сүрьеэ, гэмтэл, мэс засал, нүд, чих, хамар, хоолой зэрэгт нарийн үзлэг хийж байна” гэв.

Нарийн мэргэжлийн үзлэгээр зүрхний бичлэг хийн, эхо, рентгенд харан, иж бүрэн шинжилгээ хийж байлаа. Мөн “Ковид 19” халдвараар өвчлөөд бүрэн эдгэрсэн иргэдийг цэрэгт татаж байгаа бөгөөд эдгэрсэн ч уушгиндаа ямар нэг үлдэцтэй залуусыг цэрэгт татахгүй байх зохион байгуулалттай ажиллаж байна. Нарийн мэргэжлийн үзлэгт тэнцсэн иргэдээс “Ковид 19” халдварын шинжилгээ авч байгаа бөгөөд цэргийн анги дээр хуваарилагдан очсоны дараа дахин шинжилгээ авах аж.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

  1. Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

  2. Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль

  3. Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль

  4. Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дугд сургууль/

  5. Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

  6. Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль

  7. Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

  8. Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль

  9. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль