ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрдэнэс Монголын захирал Д.Хаянхярвааг дахин нэг сараар цагдан хорино

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-10-21

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Шарын нялцгайтын овогт Дамдины Хаянхярваад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг аравдугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцсэн байна.

Шүүхэд прокурорын ирүүлсэн санал, прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад яллагдагч Д.Хаянхярваа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” болох нь тогтоогдож байна гэж үзэж түүнийг аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.