ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГХЯ: Эрээн хот дэглэмээ сулруулаагүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-11

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод өнгөрөгч аравдугаар сарын 13-нд ковид-19 өвчний нэг шинэ тохиолдол бүртгэгдсэнээс хойш, хатуу хөл хорио тогтоож, халдварын тархалтыг хумих бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл өчигдрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөл хориог сулруулж, тун удахгүй хил нээгдэнэ гэх утгатай мэдээлэл цацагдаж эхэлсэн. 

Тэгвэл Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч энэхүү мэдээлэл ташаа гэдгийг залруулав. Тэрбээр, "Эрээн хотын дэглэмийг цуцалсан мэтээр ташаа мэдээлэл явж байна. Эрээнд хатуу дэглэм хэвээр үргэлжилж байгаа. БНХАУ-ын зарим мэдээллийн сайт дээр дэглэмийн зэрэглэлийг бууруулах тухай бичсэнийг шууд утгаар нь ойлгосон асуудал гарчээ.

Ер нь бол үе шаттайгаар дэглэмээ сулруулна гэж байгаа ч шууд нээнэ гэсэн үг биш. Эрээн хот өчигдрөөс дунд эрсдэлтэй байсан гурван дүүргээ бага эрсдэлтэй болгож зарласан. Гэхдээ одоогоор хөл хорионы дэглэм хэвээр байгаа" хэмээлээ. Тун удахгүй энэ талаар албан ёсны мэдээллийг мөн Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнууд өгөх аж.