ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Япон, Франц зэрэг улс орнууд иргэдээ нэмэлт тунгаар дархлаажуулж эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-11

Японы Эрүүл мэндийн яам “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг 18 болон түүнээс дээш насныханд тарихыг зөвшөөрч, ирэх арванхоёрдугаар сараас эмнэлгийн ажилтнуудыг гурав дахь тунд хамруулж эхлэхээр шийдвэрлэсэн талаар NHK мэдээлэв. Тодруулбал, эрдэмтдийн хийсэн судалгаануудаар вакцины үүсгэдэг эсрэг биетийн түвшин цаг хугацааны явцад багасаж, вакцин ойролцоогоор зургаан сарын хугацаанд үйлчилдэг болохыг тогтоосонтой холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан аж. 

Эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулсны дараа буюу нэгдүгээр сараас “Pfizer”-ын вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүс нэмэлт тунд хамрагдах боломжтой бөгөөд Засгийн газар ирэх гуравдугаар сараас ажлын байран дээрээ вакцин хийлгэх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж.  Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг “Pfizer”-ын вакцины нэмэлт тунд 18-аас дээш насныхныг хамруулсан судалгаанууд, АНУ тэргүүтэй иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулж буй орнуудад бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоог харгалзан ийнхүү шийдвэрлэжээ. 

Үүнээс гадна Европт “COVID-19” халдварын тав дахь давлагаа дэгдээд байгаатай холбоотойгоор Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулах хөтөлбөрийг өргөжүүлэхээр болсныг өнгөрөгч мягмар гарагт мэдэгдлээ. Францад халдварын үзүүлэлтүүд нэмэгдэх болсонд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, нэмэлт тунд хамрагдах хүмүүсийн насны хязгаарыг 50-64 болгон ахиулж, эрүүл мэндийн гэрчилгээнд гурав дахь тунд хамрагдсан байх нөхцөлийг оруулна гэв. Дэлхийн улс орнууд ийнхүү дөнгөж одоо л вакцины нөөц бололцоондоо тулгуурлан иргэдээ нэмэлт тунгаар дархлаажуулж эхлээд байгаа юм. Харин Монгол Улс нэмэлт тун хийж эхлээд 3-4 сарын хугацаа өнгөрсөн ч нийт хүн амынхаа дөнгөж 20 хувийг л дархлаажуулаад байна. Иргэн та дархлаажуулалтад идэвхтэй хамрагдсанаар өвчлөлөөс өөрийгөө 90 хувьтай хамгаалах бол нас баралтаас 95 хувь хамгаалах учиртай.