ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

O.Admin
2021-11-29

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны арваннэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, эрэгтэй 21, эмэгтэй 10 нийт 31 шатар сонирхогч оролцлоо.

Тэмцээнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Нийслэлийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд шагналыг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Д.Түвшинтулга болон шатрын спортын ОУ-ын шүүгч Ш.Батбилэг нар гардуулав.

Тэмцээнд байр эзэлсэн оролцогчдыг танилцуулбал:

Эрэгтэй

1-р байр: А.Дөлгөөн /6-р хороо/

2-р байр: Х.Амгаланбаатар /13-р хороо/

3-р байр: Б.Бат-Эрдэнэ /11-р хороо/

Эмэгтэй

1-р байр: Л.Мөнхзаяа /14-р хороо/

2-р байр: Б.Батцэнд /6-р хороо/

3-р байр: Г.Цэгмид /3-р хороо/

Тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй эхний 3 шатарчин нийслэлийн шатар сонирогчдын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох юм.

Энэхүү тэмцээн нь 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргээсээ шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчид 2014, 2015, 2016, 2017, 2019 онуудад нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 1, 2, 3 дугаар байранд шалгарч УИХ-ын даргын нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан юм. Нийслэлийн аварга шалгаруулах шатар сонирхогчдын тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авсан нийт тамирчдадаа амжилт хүсье.