ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГХЯ: Хоёр хүүхэд нь насанд хүрээгүй учраас хэргийг хаасан

O.Admin
2021-12-02

БНСУ-ын MBC агентлагийн сувгаар 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн оройн 20 цагт Монгол Улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо хэмээн Пусан дахь Консулын хэлтсээс мэдээллээ. 

Тус мэдээдэлд "БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй энэ сарын 2-ны өглөө 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав. Үүнд:

Энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт долдугаар сарын 04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Сэжигтэн дөрвөн хүүхэд байсан ба түүний хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд тэдгээр хоёр хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлсэн байна. 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон дөрвөн хүүхдийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө хоёр нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм" хэмээлээ.