ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Мөнхжин: Машинтайгаа гацсан иргэдийг маргаашнаас Эрээний хилээр нэвтрүүлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-09

Эрээний хил дээр нөхцөл байдал ямар байгаа, чингэлэг солилцох туршилт хийгдсэн эсэх талаар Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжингээс сэтгүүлчид тодруулав. Тэгвэл Дэд сайдын тухайд Эрээний консул болон төрийн бусад холбогдох албан тушаалтнуудын хамтаар өчигдөр туршилт хийж үзжээ. Ингэснээр чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл бүрэн хангагдсан гэж дүгнэж буйгаа дуулгав.

Тэрбээр, энэ талаар ярихдаа “Бид Эрээний талтай арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 20 хоногийн дотор бэлтгэлээ хангана гэж тохирсон юм. Хугацаа ч болсон учраас туршилт хийж үзээд үр дүнтэй гэж үзлээ. Бичиг цаасны ажлаа зохицуулаад маргаашнаас тээвэрлэлт хийж эхэлнэ. Маргаашнаас вирус илрэхээс өмнө Монголоос Эрээний талд ачаатайгаа гарчихсан байсан машинуудыг гаргаж дуусна. Дараа нь чингэлэг тээврийн ачаа руу орно. 150 гаруй машин ачаатайгаа байгаа. Хэвийн урсгал руу орох нөхцөл байдал бүрдлээ гэсэн үг. Чингэлэг тээврийн ачаа явуулах бүрэн бололцоотой болжээ.

Өнөөдөр ПСР шинжилгээ авах, бусад бэлтгэл ажил эхэлчихсэн явж байгаа. Халдвар хамгааллын асуудал хүнд байна. Халдвар хамгааллаа л бид сайн барих хэрэгтэй байна даа. Дэлгүүрийн хашаа, агуулахад гээд олон газар байгаа учраас хэдэн тонн ачаа Эрээнээс ачигдахыг хэлж мэдэхгүй” гэлээ. БНСУ-аас ирж буй карго Тяньжинээр дамжиж ирэх бөгөөд тэнд 4800 чингэлэг ачаа бөөгнөрөөд байгааг хоёр улсын Ерөнхий сайдын яриа хэлцлийн үр дүнд наашаа татах ажлыг зохион байгуулж байгаа аж. Ингэснээр арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 5000 чингэлгийг татаж авсан ч одоо 3800 чингэлэг ачаа бөөгнөрчээ. Монгол Улсын тухайд өдөрт дунджаар 150 чингэлэг ачаа татаж байгаа ч цаанаас буюу гуравдагч хөршөөс өдөрт нэмээд 100 чингэлэг ачаа ирсээр байгаа гэлээ.