ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Архинаас гарах албадан эмчилгээнд хамрагдаж буй иргэний ажлыг байрыг хадгална

O.Admin
2021-12-22

УИХ-ын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэнгийн санаачилгаар “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх үйл ажиллагааны шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2021.12.22) боллоо.

    Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нээж хэлсэн үгэндээ “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Тус хуулийг шинэчлэн баталсан гол зорилтуудын нэг нь согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж буй үйлдэл бус, харин түүнийг өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэйг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэх, түүнчлэн эмчлүүлэгч өөрөө сайн дураар эмчлүүлэх боломжийг хуульчилсан явдал юм.

2000 онд батлагдсан Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд эмчлүүлэгчийн эрхийг хамгаалах, түүнчлэн Албадан хөдөлмөрийг устгах тухай олон улсын конвенцид нийцүүлэх нь зүйн хэрэг гэж үзэн албадан хөдөлмөр хийлгэх асуудлыг хассан. Эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай эмчлэх зохицуулалт мөн тус хуульд орсон. Эмчилгээний үр дүн болон цаашид хэрхэн сайжруулах талаар энэ хэлэлцүүлгээр санал солилцоё.

Тус хуульд орсон бас нэг зарчмын өөрчлөлт бол албадан эмчлэх эмнэлэг нь эзэмшсэн мэргэжилгүй, ажил эрхэлдэггүй эмчлүүлэгчдэд зориулж мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулж, сургалтын үр дүнд мэргэжлийн үнэмлэх олгох, хэрэв ажил эрхэлдэг хүн албадан эмчлүүлсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллага албадан эмчилгээнд хамрагдсан хүнийг эмчлүүлж байх хугацаанд ажлын байрыг нь хадгалж, эмчилгээ дууссаны дараа ажилд нь эргүүлэн авах баталгааг хуульчилсан бөгөөд үүний хэрэгжилтийг ч мөн өнөөдөр хэлэлцэх болно.

Засгийн газраас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн шатанд байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн тогтоолын төсөл болон хэлэлцүүлгийн зорилгын талаар мэдээлэл өгөв.  

Үргэлжлүүлэн холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл тавилаа. Дараа нь хэлэлцүүлгийн зорилго болон илтгэлүүдтэй холбогдуулж оролцогчид мөн асуулт, хариулт өрнүүлж, саналаа хэлэв. Оролцогчид “албадан эмчилгээ” гэдэг агуулгыг “хүний аюулгүй байдлыг хамгаалах, хөдөлмөр эрхлэх ур чадварт сургах, эмчилгээ, үйлчилгээ” гэсэн байдлаар өөрчлөх, эмийн болон эмийн бус, товчоор хэлбэл мэдлэгийн эмчилгээ хийдэг болох, “архины зөв зохистой хэрэглээг бий болгох” гэдэг хэллэг архины байнгын хэрэглээг дэмжсэн утгатай болоод буй учир ийм хэллэгийг бодлого, хуульд тусгахгүй байх гэсэн саналуудыг хэлж байв.

Мөн албадан эмчилгээнд санхүүжилт хүрэлцдэггүй  нь эмчилгээний үр дүн, чанарт сөргөөр нөлөөлдөг учир стандарт эмчилгээнд тохирсон санхүүжилттэй болох, санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, мэргэсэн сэтгэл зүйч, нийгмийн ажилтныг бодлогоор бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллахыг дэмжих, эмчилгээ явуулах байрыг эмчилгээний зорилгод нийцүүлж өөрчлөх, шинэчлэх, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, эмчлүүлэгчдийг хөдөлмөрт сургах гэсэн агуулгыг хууль тогтоомжид тусгах талаар саналуудыг хэлэв.