ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэд сайд Ж.Сауле Баян-Өлгийн Засаг даргад гомджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-30

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханд гомджээ.

Тэрбээр “Гэрэлт есөн од” компанитай хамтран үерийн гамшигт нэрвэгдсэн Өлгий сумын иргэдэд гэр хандивлажээ. Тодруулбал, гуравдугаар багийн иргэн З.Рауат, 12 дугаар багийн иргэн Х.Батхүү, 13 дугаар багийн иргэн Е.Амангүл нарт бүрэн тоногтой гэр хандивласан байна. Мөн 180 ширхэг гутал, 200 ширхэг куртка зэрэг нийтдээ 30 орчим сая төгрөгийн хувцсыг үерт автсан иргэдэд тусламж болгон өгсөн аж.

Гэвч, түүний сэтгэлийн хандивыг үерийн гамшигт өртсөн аймгийн Засаг дарга үл тоосон бололтой. Харин оронд нь тусламжийг нь аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургулан, ОБГ-ын дарга С.Пүрэвсамдан нар хүлээн авчээ.

Энэ тухайгаа дэд сайд Ж.Сауле  “Баян-Өлгий аймгийн Засаг дарга ямар хүний хандивыг өөрөө гардаж авдаг вэ? Зөвхөн бэлэн мөнгийг л авдаг юм уу? Ядарсан орон гэргүй болсон хүмүүст өгөхөөр 1700 км-ын цаанаас авч ирсэн миний өчүүхэн хандивыг яагаад голов? Гэхдээ ард түмэн агуу юм аа, иргэд маань баярлаж байвал бүдүүн дарга нар яах вэ. 30 гаруй сая төгрөгийн хандив маань хүрэх эзэнд нь очвол боллоо доо. Жич, үүнд улс төр, 2020 он огт хамаагүй шүү. Энэ бол бидний сэтгэлийн дэм” хэмээн бичжээ.

Дэд сайдын бичсэнээр бол Баян-Өлгий аймгийн Засаг дарга орон гэр, хувцас хунарын тусламжийг үл ойшоож, харин мөнгөн тусламжийг өөрийн биеэр гардаж авдаг бололтой.