ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: Сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэх үү гэдгийг судалж эхэлсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-19

Өчигдрөөс эхлэн сошиал орчинд сар шинийн өдрүүдэд хөл хорих шийдвэрийг УОК гаргалаа, хөдөө орон нутаг руу машин явуулахгүй гэх мэт ташаа, буруу зөрүү мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ асуудалд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /01.19/ албан ёсоор хариулт өглөө.

Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газар, УОК өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хөл хорихгүй, эдийн засгаа хааж боохгүй, иргэдийн амьдралыг хэвийн явуулна гэсэн бодлого барьж ирсэн. Тэр хүрээнд байр суурь маш тодорхой байгаа. Өчигдөр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зарим санал, судалгааг шийдвэр мэтээр ойлгож түгээсэн байна лээ. Эрдэмтэд зөвхөн УОК-ын шуурхай хуралдаанд саналаа танилцуулсан.

Эдийн засгийн үйл ажиллагааг эрчимтэй явуулах бодлогоо барина аа. Халдварын тохиолдол ихэсч байгаа, өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад омикроны хувилбар дөрөв дахин өссөн учраас хүн хоорондын зайгаа барих, маскаа зүүх, гадуур аль болох гарахаас татгалзах зэргээр өмнөх дэглэмээ бариад явахыг л сануулж байгаа юм. Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол ихсэх судалгаа байгаа.

Тиймээс хүүхдийн сургууль цэцэрлэгийг хойшлуулах асуудлыг УОК-оос Засгийн газарт танилцуулсан. Боловсролын сайд дахин Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөлтэй уулзаж ярилцаад хэрвээ сунгах бол цахим хичээлийг явуулах уу, эсвэл өмнөх шигээ 5:9 гэсэн зарчмаар ажиллах уу гэдгийг яриад орж ирэх байх. Нөгөө талаасаа сургуульд явахаар л халдвар аваад байгаа гэдэг нь өрөөсгөл. Ахуйн хүрээнд илүү их өвчлөлд өртөж байгаа учраас эрдэмтэн судлаачид дүгнэлтээ гаргаад танилцуулах байх аа. Сар шинийн барилдааныг халдвар хамгааллаа баримтлаад хийж болно гэж хэлсэн. Гэхдээ иргэдийг гэр, гэртээ цахимаар золгохыг УОК-оос уриалж байна” гэлээ.

Шадар сайдын тухайд хил гаалийн тээвэрлэлтийг хэвийн болгох ажлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар мөн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээндээ хилийн цаана гацсан ачаа барааг татан авах ажлыг шуурхайлж, өдөр бүхэн Эрээний талтай мэдээлэл солилцож байна гэлээ. Өнөөдрийн байдлаар 900 гаруй контейнер ачаа хилийн цаана байснаас 400-г татан авсан гэлээ. Үлдсэнийг нь ирэх долоо хоногт татаж дуусгах, цаашдаа ачаа барааг хэвийн наашаа авах чиглэлд ч яриа хэлцэл үргэлжлэх, вагоноор ачаагаа татах ажлыг ч Хятадын талтай ярилцаж шийдэх болно гэсэн хариулт өгсөн юм. Харин аймаг орон нутгууд тухайн орчиндоо тохирсон эрсдлийн үнэлгээ хийгээд, орон нутагтаа нийцсэн шийдвэр авч хэрэгжүүлэх эрхийг өгчээ.