ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УБТЗ-ын Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг АТГ-аас саатууллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-20

АТГ-ын алба хаагчид өчигдөр "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж, тус газрын Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Ж.Пунцаг нь УБТЗ-ын дарга агсан Д.Жигжиднямаа, УБТЗ ХНН-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, "шилэн" буюу Б.Цогтгэрэл нартай тун ойр нөхөрлөж байсан бөгөөд тэд бүгд хамтдаа актлагдсан 1000 вагоны хэрэгт холбогдож байлаа. Мөн өмнө нь хоёр ч удаа хууль хяналтын байгууллагаар шалгуулж, тэнсэн харгалзах ял авч байсныг хэвлэлийнхэн шүүмжилж байсан ч даргын албан тушаалд 2016 оны сонгуулийн дараа томилогдсон том ар талтай нэгэн юм.

Тодруулбал, Ж.Пунцаг нь 2000 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа иргэн О.Уртнасангийн биед хүнд гэмтэл учруулсан, 2003 онд Ж.Шижир нарын гурван хүнд хүч хэрэглэж, зэвсэг барин танхайрсан үйлдэлдээ гурван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ.

Мөн цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа гүйцэтгэх ажлын нууц задруулсан үндэслэлээр цолоо хураалгаж, 2006 онд цагдаагийн байгууллагаас өөрийн хүсэлтээр гарч байсан аж. Гэтэл 2014 онд Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагч болон албан тушаал дээшилсэн байхдаа 14 хоногийн визээ хэтрүүлсэн хятад иргэдээс авлига авч, тэднийг эргэж Монголд орж ирэх эрхтэй байдлаар тамга даран хилээр гаргасан асуудалд холбогдож, мөн л хуулийн хаалга татаж байсан бараан намтартай нэгэн билээ.