ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Лифтэнд ёс бус үйлдэл гаргасан шүүгч Х.Идэр, Д.Болдбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлөв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-20

Өнгөрсөн жил буюу 2020 оны хоёрдугаар сард цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцанд нэр бүхий шүүгчид архидан согтуурч, улмаар гэр бүлээс гадуурх харилцаатай эмэгтэйчүүдтэй лифтэнд ёс бус аашилж буй бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Тэгвэл энэхүү хэрэгт холбогдсон нэр бүхий шүүгч нарын асуудал хоёр жил гаруйн хугацаанд яригдсаны эцэст Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Сахилгын хороо хуралдан шийдвэр гаргажээ.

Энэ талаарх шийдвэрийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар  танилцуулав. Тэрбээр, “Сахилгын хорооны бүрэлдэхүүн зөвлөлдөөд дараах магадалгааг гаргалаа. Магадлал дэлгэрэнгүй хэлбэрээр бичгээр гарах үед үндэслэлийн дэлгэрэнгүйг дурдана. Товч агуулгыг та бүхэндээ сонсгоё.

Шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарыг Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 27.1.18-д заасан шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдүүдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох үйлдэл гаргахгүй байх”, Шүүгчийн ёсзүйн дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Шүүгчийн нэр хүндээ эрхэмлэх зарчим”, 2.3 дугаар зүйлийн  “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад иймэрхүү ойлголт өгөхөөс зайлсхийнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж үзээд нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч сахилгын шийтгэл ногдуулах ёстой гэж үзлээ.

Шүүгч нарын зөрчлийн хэм хэмжээг харгалзан үзэж, сахилгын шийтгэлийг ялгамжтай олгох нь зөв гэж үзсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Отгонбаатарыг шүүгчийн албанаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатарын зургаан сарын цалинг бууруулах шийтгэл оноолоо. Магадлал гардан авснаар буюу 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гомдол гаргах эрхтэй” гэлээ.