ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Украин улс Бучагийн хэргийг нээлттэй, ил тод мөрдөн шалгуулахыг зорьж байна

O.Admin
2022-04-06

Украины эрх баригчид Буча хотод энгийн олон хүний амь насыг хохироосон хэргийг нээлттэй, ил тод мөрдөн шалгуулахыг зорьж байна. Харин Оросын зүгээс Украины Буча хотод энгийн иргэд амиа алдсан хэрэгт холбоотой гэх мэдээллийг эрс няцааж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд “бодит баримт нотолгоо” харуулна гэж мэдэгдэж байгаа талаар "Аль Жазира", "Дойче Велле", "Тасс" зэрэг олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байна.

Оросын цэрэг гарсны дараа Украины Буча хотод бөөнөөр нь булсан цогцос олдсон. Тэнд 410 орчим энгийн иргэн амиа алдсан байгааг тогтоосон. Бусад хот сууринд илүү олон хүн амиа алдсан байж магадгүй гэж Украины Ерөнхий прокурор мэдээлсэн байна.

 

Олон улсын Улаан загалмайн хорооны ажлын хэсэг Бучад олон хүн хөнөөсөн хэргийн нотлох баримт цуглуулах ажилд оролцож буй юм байна. Хэргийг мөрдөн шалгах, баримт цуглуулах үйл ажиллагаанд цаашид олон улсын бусад мэргэжилтнүүд ч нэмэгдэх юм байна.

Буча хотын гудамжинд олон хүний цогцос хэдэн долоо хоногийн турш байсан гэж үзэх үндэслэл хиймэл дагуулаар авсан зургаас харагдаж байна гэж Украины тал мэдээлжээ.

Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский “Гэмт хэрэг үйлдсэн Оросын цэргүүдийг хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхэд шаардлагатай хууль эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж байна. Бид аль болох ил тод, нээлттэй мөрдөн шалгалтын ажиллагаа явуулах сонирхолтой байна. Мөрдөн шалгалтын үр дүнг олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлж, танилцуулах болно” гэж ярилаа. 

ОХУ-ын хувьд Бучад болсон хэргийг Украины хэт үндсэрхэг үзэлтнүүдийн үйлдсэн өдөөн хатгалга, баримт материалыг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэстэй гэх мэтээр няцааж, энэ бүгдийг хэлэлцүүлэхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг ээлжит бусаар даваа гарагт хуралдуулах санал гаргасан ч Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа Их Британи хуралдааныг мягмар гарагт хийлээ. 

ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя “Энэ бол Оросын армийн нэр хүндийг гутаах, хүмүүнлэг бус гэж харагдуулах, Орост улс төрийн дарамт шахалтыг нэмэгдүүлэх зорилготой ээлжит өдөөн хатгалга. Бидэнд үүнийг нотлох бодит баримт байгаа. Бид үүнд олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлэхгүйн тулд Аюулгүйн зөвлөлд аль болох хурдан танилцуулахыг зорьж байна” гэв. 

Бучад очиж нөхцөл байдалтай танилцсан Украины Ерөнхийлөгч Зеленский уг хэргийг “геноцид” гэж тодорхойлоод, Оросын эсрэг илүү хатуу хориг тавихыг Өрнөдөд уриалсан юм. Мөн Орос хэргийн баримтыг устгахыг оролдож байгааг ч Зеленский онцолж байлаа. 

НҮБ энэ хэрэгт хараат бус мөрдөн шалгалт хийхийг уриалаад байна. Олон улсын гэмт хэргийн шүүхийн прокурор Бучагийн хэрэгт мөрдөн шалгалт эхлүүлсэн байна.

Украины Батлан хамгаалах яам Бучад энгийн иргэдийг хөнөөхөд шууд оролцсон “дайны гэмт хэрэгтнүүд” гэж Оросын армийн 64 албан хаагчийн нэрс бүхий жагсаалтыг танилцуулжээ.