ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Батжав: Хэнтий аймагт гэхэд л байгаль орчны аудит хийдэг байгууллага нэг ч алга

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-04

2012 онд байгаль орчны багц хууль батлагдаж, байгаль орчны салбарын эрх зүйн шинэчлэл хийгдэж, олон улсын жишигт нийцсэн олон заалтууд хуульчлагдсан. Гэвч эдгээр багц хуулинд туссан ч огт хэрэгжихгүй байгаа заалтууд байгааг салбарын мэргэжилтэнүүд шүүмжилдэг. Энэ талаар бид байгаль орчны багц хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахлаж байсан, тухайн үед БОАЖЯ-ны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, Хууль зүйн ухааны доктор, профессор, хуульч Л.Батжавтай ярилцлаа.

-Та байгаль орчны яамны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа  байгаль орчны багц хуулийг боловсруулах ажилд голчлон оролцсон гэдгийг салбарынхан тань хэлдэг. Гэтэл эдгээр хуулинд тусгагдсан, маш чухал ач холбогдол бүхий олон заалтууд хэрэгжихгүй байгаа талаар салбарынхан хэлж байна. Энэ талаарх таны бодол?  

-Хууль боловсруулалцаж явсан хүний хувьд зарим чухал заалт хэрэгжихгүй байгаад сэтгэл дундуур явдаг. Жишээлбэл, Байгаль орчинд нөлөөлөн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд 2 жил тутам байгаль орчны аудит хийлгэх ёстой. Байгаль орчны аудитын энэхүү дүгнэлтийг нь үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллагууд үйл ажиллагаанд нь хяналт тавих ёстой.

Гэтэл төрийн захиргааны, орон нутгийн, мэргэжлийн байгууллагууд байгаль орчны аудит хийлгэхийг шаардахгүй, аудитын дүгнэлтийг үзэхгүй байна. Үүнээс болж аж ахуйн нэгжүүд аудит хийлгэх сонирхолгүй, үйл ажиллагаагаа явуулж байна. Аж ахуйн нэгж гэдэг бол ашиг олох зорилготой байгууллага шүү дээ. Тиймээс нөхөн сэргээх, татвар төлөх, хууль биелүүлэх зэрэг үйл ажиллагаанд дийлэнх нь хойрго ханддаг нь нууц биш. Ийм л учраас ойр ойрхон үйл ажиллагаанд нь аудит хийлгэх ёстой юм.

-Байгаль орчны аудит гэдэг нэр томъёо өөрөө тэр болгон яригддаггүй харьцангуй шинэ зүйл байх?

-Байгаль орчны аудит гэдэг бол эрх зүйн хувьд шинэ зохицуулалт. Гэвч уул уурхай, хөдөө аж ахуйн салбар нь хөгжиж байгаа улс орнуудад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, үнэлгээ хийх, аудит хийх энэ асуудал заавал байх ёстой чухал асуудал. Тийм учраас хөгжиж буй орнуудад олгож байгаа зээл тусламжийн шалгуурт нь хүртэл байгаль орчны үнэлгээ, аудит хийсэн байхыг шаарддаг. Байгаль орчны аудит хийх энэ заалт 2012 оны “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд  тусгагдаж орж ирсэн. Харамсалтай нь өнөөдрийг болтол хуулийн энэ заалт тун хангалтгүй хэрэгжиж байна.

-Байгаль орчны аудитыг яагаад хийлгэх ёстой юм бэ. Үнэлгээ хийлгэчихсэн байхад болох юм биш үү?

-Байгаль орчны үнэлгээ гэдэг бол төсөл дээр хийгдэнэ. Төслийг эхлэхээс өмнө техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Энэ ТЭЗҮ дээр уул уурхайг ашиглахад ус, гол, ургамал, хөрсийг ингэж өөрчилнө. Эргээд биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийнэ гэсэн мэдээлэл багтдаг. Энэ мэдээлэл дээр нь тулгуурлаж хийсэн үнэлгээг байгаль орчны үнэлгээ гэж байгаа юм. Харин байгаль орчны аудит гэдэг бол төсөл хэрэгжиж эхэлсний дараа буюу олборлолт хийгдэж, үйлдвэрлэл явагдаж эхлэнгүүт хийгддэг хяналт юм. Ашиг олохын төлөө байгуулагдсан хуулийн этгээдүүд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хийх ажлаа хийж байна уу гэдгийг хянах нь маш чухал. Энэ үйл ажиллагаа хийгдэхгүй байна. Уул нь аудитын дүгнэлтийг үндэслэж тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой ч Мэргэжлийн хяналтын байгууллага нь, аймгийн байгаль орчны газар нь, орон нутгийн засаг захиргаа нь ч шаардахгүй байгаа юм.

-Өнөөдөр хуулийн дагуу Байгаль орчны аудит хийлгэсэн компани аж ахуй нэгж байна уу?

-Энэ талаар БОАЖЯ-ны үнэлгээ аудитын хэлтсийн холбогдох албан тушаалтнаас асуухад маш цөөхөн гэж хариулсан. Ганцхан жишээ гэхэд л Хэнтий аймагт байгаль орчны чиглэлээр аудит хийдэг байгууллага нэг ч байхгүй. Аудит хийлгэсэн нэг ч аж ахуйн нэгж алга байна. Гэтэл Хэнтий аймагт уул уурхайн болон хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг маш олон аж ахуйн нэгж байдаг. Тиймээс байгаль орчныг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх хуулийн энэ заалтыг л хэрэгжүүлэх хэрэгтэй байна.