ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Найрсаг Баянгол” номадик фестиваль Хүй долоон худагт өргөн дэлгэр боллоо

O.Admin
2018-08-09

Хүй долоон худаг наадамчин түмний хөлд дахин дарагдав. Дахин хэмээн тодотгосны учир нь нийслэлийн Баянгол дүүргийнхэн “Найрсаг Баянгол” номадик фестивалиа өргөн дэлгэр хийж, түмэн олноо баясгахын зэрэгцээ гадаад, дотоодын гийчдэд урлаг соёл, өв уламжлалаа гайхуулан, үндэсний дуу хуур, ардын урлаг,  өв уламжлалаа дэлгэн эрийн гурван наадмаа хийж, өргөн дэлгэр наадлаа.

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Засаг даргын хамтарсан захирамжаар нийслэлийн "Аз жаргалтай Улаанбаатар", Баянгол дүүргийн "Найрсаг Баянгол" хөтөлбөрийн  хүрээнд Монголын уламжлалт соёл, зан заншил, спорт, ардын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гадаад  дотоодын жуулчдыг татах, шинэ хандлагыг бий болгох зорилготой "Баянгол номадик фестиваль" ийнхүү өнөөдөр Хүй долоон худагт зохион байгуулагдлаа.

"Найрсаг Баянгол" номадик фестивалийг Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд нээж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн тус наадмын нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Г.Нарантуяа, ХБНГУ-ын Шонефелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе /бусад албаны 50 гаруй төлөөлөгчийн хамт/, Солонгос Улсын Сонгдонг дүүргийн ИТХ-ын дарга Ким жон Гон, Засаг дарга  Chong won o /албаны төлөөлөгчдийн хамт/, ОХУ-ын Улаан-Үд хотын Тамгын газрын дарга болон бусад гадаад, дотоодын төлөөлөгч, албаны хүмүүс  хүрэлцэн ирж оролцов. 

Наадмын онцлох үйл явдал нь Баянгол дүүрэг ХБНГУ-ын Шонефелд дүүрэгтэй хамтын ажиллагаа эхлүүлсний 20 жилийн ой тохиож байгаа аж. Тиймдээ ч баянголчууд өнөөдөр давхар баяр тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн энэхүү үйл ажиллагаанд Шонефелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе болон албаны 50 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцов. Түүнчлэн Солонгос улсын Сөүл хотын Сонгдонг дүүргийн ИТХ-ын дарга Ким жон Гон, Засаг дарга Chong Won O болон бусад албаны хүмүүс, ОХУ-ын Улаан-Үд хотын Төмөр замын раойны Тамгын газрын дарга бусад албаны хүмүүсийн хамтаар хүрэлцэн ирсэн байв.

Наадмын нээлтийн ажиллагааны дараа тус дүүргийн хорооны иргэдийн төлөөлөгчид “Дээлтэй Монгол”  парадыг зохион байгуулж, өөр өөрийн хорооны онцлогийг илэрхийлэн наадамчин олонтойгоо мэндчиллээ.

Мөн наадмын хүрээнд хүчит 123 бөх барилдаж, шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Өлзий, арслан П.Бүрэнтөгс, заан Н.Жаргалбаяр нар үлдсэн юм. Ингээд хүчит бөхиийн барилдааны үзүүр түрүүг улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Н.Жаргалбаяр нар тунаж үлдсэнээс улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, наадамчин олноо баясгалаа. Мөн энэ өдөр гурван насны хурдан хүлгүүд шандас сорин уралдаж, эрхийн мэргэн харваачид нь цэц мэргэнээ үзлээ.  

Хүүхэд хөгшдийн магнай тэнийсэн, нар хур тэгширсэн энэ л наадам хүлэг морьдын төвөргөөн, дуу хууртай хоршин хүйн мандлын зүлэг ногоон дэнжид  гадаад, дотоодын наадамчин олныг баясган байлаа.

Дашрамд сонирхуулахад, Баянгол дүүрэг нь ХБНГУ-ын Шонефелд дүүрэгтэй 1998 оноос харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, улмаар 2001 оны есдүгээр сард ХБНГУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Хоёр дүүргийн төлөөлөгчид энэ хүрээнд тогтмол харилцан айлчилж, туршлага солилцож хэд хэдэн томоохон ажлыг эхлүүлээд байгаа ажээ. 

Тухайлбал, Шонефелд дүүрэгт жил бүр зохион байгуулагддаг "Монгол-Германы найрамдлын баяр", "Белгерийн цом" хөлбөмбөгийн тэмцээн, 2006 оноос "Монгол наадам" баярын арга хэмжээг тус тус зохион байгуулж тус улсад ажиллаж амьдарч буй монголчууд болон гадаад, дотоодын жуулчдад Монгол Улсыг сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлдэг байна. "Белгерийн цом" хөлбөмбөгийн тэмцээн нь 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Баянгол дүүргээс УБТЗ Депогийн хөлбөмбөгийн багууд амжилттай оролцсоор ирсэн байна.

Түүнчлэн 2004 онд Шонефелд дүүрэг 35100 кв талбай бүхий Баянгол дүүргийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бол тун саяхан Баянгол дүүргийн нутагт байрлах Агро паркт Шонефелд дүүргийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж хүүхэд, залуус, иргэдэд хүнсний ногоо, цэцэг, мод бут тарихад бүх төрлийн зөвлөгөө, тусламж өгч ажиллах эко төвтэй болжээ.