ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чингэлэг тээврээс үүдэлтэй авлигын сүлжээг БНХАУ-д илрүүлсэн үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-05-24

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх алба болон БНХАУ-ын Төрийн удирдлагуудтай Монголын удирдлагууд ойлголцолд хүрч чадсаны үндсэн дээр автозамын болон төмөр замын тээвэрлэлтийг хэвийн болгож чадлаа гэх мэдээллийг өнөөдөр өгөв.

Тодруулбал, тавдугаар сарын 18 болон 20-ны өдөр гаргасан албан тоотуудаар Монгол Улсаас төмөр замын задгай тээвэр болон автомашинаар уул уурхайгаас бусад бүтээгдэхүүн хэвийн гаргах боломж бүрдсэн гэж мэдэгджээ. Гэвч энэ шийдвэр одоогоор хэрэгжиж эхлээгүй гэдгийг өчигдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж яриандаа хальтхан дурдаад өнгөрсөн.

Өөрөөр хэлбэл, задгай тээвэрлэлт эхлээгүй, яриа хэлцлийн шатанд явж байгаа хэмээсэн билээ. Тэгвэл хилийн боомтод тэг зогсолт хийсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Учир нь Эрээн хотын хэмжээнд болж буй томоохон баривчилгаа, авлигын хэргээс үүдэлтэй аж.

Тодруулбал, Монгол Улс, БНХАУ-ын хооронд хийгдэж байсан чингэлэг тээвэртэй холбоотой авлигын хэрэг үүссэн бөгөөд Хөх хотын төмөр замын томоохон албан тушаалтай 10 гаруй хүнийг баривчлаад байгаа гэх мэдээлэл “Өдрийн сонин” болон нэр бүхий сайтуудад гарлаа.

Мөн Эрээн боомтын гаалийн ажилтнуудыг нийтээр нь чөлөөлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд чингэлэг тээвэр нэрийн дор авлигын сүлжээ үүсгэсэн байсныг шалгаж эхэлжээ. Мөн энэ асуудалд Монголын талын гаалийн ажилтнууд ч татагдах бөгөөд энэ асуудлыг Монголын тал ихээхэн нууцалж байгаа юм.