ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Монгол Улс Украин шиг нөхцөл байдалд орж болохгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-05-26

Улс төрийн аливаа асуудлаар байр суурь илэрхийлэхээс татгалзаж, ихэвчлэн хөшигний ардаас улс төрийг удирдаж суудаг хүн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Намынхаа бүх гол асуудлыг базаж, улс төрийн шийдвэр гаргаж суудаг бөгөөд Хөгжлийн банкны авлигын асуудлаар дуугарснаас хойш нам гүмхэн байсан.

Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн улс төрийн намуудын оролцсон хэлэлцүүлгийн үеэр тэрбээр тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Түүний байр суурийг хүргэе. 

Д.Амарбаясгалан генсек хэлэхдээ "Хэрвээ улс төрийн намууд, ард иргэд дэмжээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт явагдвал, үүний дараа гарах үр дүнг эрх баригчид бид нар хариуцлагатайгаар хүлээнэ.

Нэгдүгээр энэхүү өөрчлөлт хийгдэж чадсанаараа Украин шиг нөхцөл байдалд орохгүй байх нөхцөлөө хийж чадсан уу гэдэг үр дүнг ярих ёстой. Монгол улс баавгай, луу хоёрын тэврэлт дунд амьсгалах агаартай, хэлэх үгээ чөлөөтэй илэрхийлдэг энэ нийгмээ хадгалж авч үлдэх өөрчлөлтийг Үндсэн хуульд хийж чадсан уу гэдэг асуулт биднээс асуугдаж үлдэнэ.

Хоёрдугаарт, Монгол дахь ардчилал бэхжиж олон намын оролцоотой парламентын засаглал маань тогтож үлдэж чадах уу, үгүй юу гэдгийг бид үзэх ёстой гэж бодож байна. Би хувь хүнийхээ үүднээс хоёр том нам засгийн эрхийг барьж ирснийг буруу, МАНАН тогтолцоог бий болгох үндэслэл нь энэ байсан гэж үздэг. Нэг нам нь эрх барихдаа нөгөө намынхаа дараачийн удаа эрх барих боломжтой хэсгийг дэмжчихдэг байсан.

Та бүхэн анзаарч байсан бол З.Энхболд гэж дарга “2020 оны сонгуульд манай нам ялах юм аа” гээд ямар ч тооцоо судалгаагүй яриад сууж байсан. Манай нам дахиад ялсан чинь энэ сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гээд яриад суугаад байгаая. Сонгуулиас сонгуульд нам солигддог юм аа гэсэн ойлголттой болчихсон.

Гэтэл намууд нь хариуцлагатай ажиллаад, судалгаа шинжилгээгээ сайн хийгээд, ард түмэн юуг хүсэж байна, юуг хүлээж байна гэдгийг мэдрээд алхам хийхээр ард түмэн дэмжиж байгаа гэдэг нөхцөлийг л хүлээж авч чадахгүй байгаа шүү дээ.

Иймэрхүү ойлголт, арга барилаар бид цааш явах боломжгүй гэдгийг бидний хийж байгаа судалгаа, судалгаанд оролцож ажилласан эрдэмтэн судлаачид маш тодорхой хэлж байна.

Монгол улс нэгд, ардчиллаа бэхжүүлэх, хоёрт, парламентынхаа дархлааг сайжруулах, гуравт, улс төрийн намуудын оролцоог шийдвэр гаргах төвшинд хангалттай оролцуулж байж, нэг хоёрхон нам хоорондоо хуйвалдаад яваад байгааг устгах асуудлууд нэн чухал байна" хэмээжээ.