ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоолоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-05-30

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хамтарсан нөхөрлөл ямар эрх ашгаар хүлэгдэж байсныг  бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, УИХ-д Кембрижийн боловсролыг дэмжих лобби бүлэг байгуулж, УИХ-ын даргад бизнес эрхлэгчдийн зээлийг хүүг 50 хувь хөнгөлж, хүүг нь энэ оны арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулах хуулийн төсөл барин “дарцаглаж” явсан гурван залуу улстөрч 33 тэрбумын сэжмээр холбогдсон болох нь ил болсон. 

Тодруулбал, Хөгжлийн банкны захирлаар ердөө хагас жилийн хугацаанд ажиллаад гарсан Г.Амартүвшин хоёр найздаа буюу Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбумын зээл олгох шийдвэрийг өөрөө Гүйцэтгэх захирал нь байхдаа гаргасан ч зээлийн гүйлгээг ажлаа өгснийхөө дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр хийлгэжээ. Угтаа, ажлаа өгсөн байхдаа, аль эсвэл надад хамаарахгүй олгогдсон шийдвэр хэмээн арьсаа хамгаална гэдгээ нарийн тооцоолсон нь энэ ажээ.

Тус компанийн хувьцаа эзэмшигчээр Г.Дамдинням УБЕГ-т бүртгэлтэй бол, Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг нь Гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Тэгвэл УИХ-ын 33 гишүүний 1 тэрбумын ЖДҮ-тэй дүйцэх хэргээс ч томд тооцогдох энэхүү хэргээс үүдэн гурван гишүүний нэрийг эргүүлж татах асуудал хоёр жил гаруйн хугацаанд яригдсан. 

Мөн эдгээр гурван гишүүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мөн Хөгжлийн банкинд нөлөөлж, нэр бүхий компаниудад зээл олгох асуудалд Ерөнхий сайд байхдаа нөлөөлсөн учраас эгүүлэн татах, Ё.Баатарбилэгийг жолоочоороо дамжуулан бусдад авлига өгсөн гэх асуудлыг оруулж ирнэ хэмээж байсан ч Н.Алтанхуягийн нэр хасагдаж, харин Х.Ганхуяг болон жолоочоороо авлига өгсөн Ё.Баатарбилэг нарын асуудал хүчээ авчээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдсон Ё.Баатарбилэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Х.Ганхуяг нарын хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлснийг өнөөдөр хянан хэлэлцжээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн уг асуудлыг хянан хэлэлцээд Х.Ганхуягт хилээр гарах эрхийг хасахаас гадна нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээг тус, тус авчээ.