ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Оюунчимэг гишүүний оройгүй тэнэглэл

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-06-09

Тэнд хэн нэгэн мод суулгаж байвал миний эхлүүлсэн ажил хэмээн попорч, өөр нэг газар Туул голын зөвшөөрөл цуцалж байвал манай Өргөдлийн байнгын хорооны ажлын үр дүн хэмээн нялзааж, түүгээр явсан гай, гавьяаг ч өөртөө нааж попрох дуртай улстөрч бол Мөнхөөгийн Оюунчимэг.

Төрийн ордонд боов идэж, брэндийн алчууртай ард түмний жагсаалыг үймүүлж, тансаг пальтотой газар ухаж, эгчийгээ Хүүхэд хөгжлийн газрын даргаар, хүүгээ цар тахлын үед албан тушаалд томилж асуудал үүсгэсэн гээд энэ улстөрч эмэгтэй Төрийн ордонд сууснаасаа хойш сайнаас илүү саараар л нэрээ гаргав.

Гэлээ ч тэр тэнэг үг, үйлдлээ зогсооно гэж байдаггүй. Жиргээнд попорч болох бүх л сэдвээр жиргэдэг ч дандаа буруутдаг. Өчигдөрхөн гэхэд л эмэгтэй гишүүдээ төлөөлж шарлалтын улмаас булчингийн чангарал өвчнөөр зовж буй хүүхдүүдээ авчран Төрийн ордны гадна жагсаж буй ээжүүдийг “Та нар битгий улстөржөөд бай” хэмээн загнаж, олны зэвүүг хүргэлээ.

Тэр ээжүүд хилээр орж ирэхгүй байгаа эм тарианы тасалдлыг анхаарч өгөөч, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг хариуцлагагүй үгэндээ тайлбар өгөөч, эм тарианы үнийн хөөрөгдлийг зогсоож өгөөч хэмээн сэтгэлийн дуудлага, зовлонгоороо нэгдэж ирсэн. Хэн ч тэдэнд мөнгө төлөөгүй, жагсаад өгөөч гэж захиалаагүй. Өвчиндөө шаналж буй үрс нь тэднийг талбайд гарч ирэх, Төрийн ордоны гадна хонох эр зориг болсон хэрэг. Харин эрхэм гишүүн зовлонг нь сонсох гэж бус, загнах гэж улстөржиж байна гэж хардахаар гарч очсон гэдгээ энэ үгээрээ нотлов.

Хаа газрын тэнэгүүд гэдэгчлэн Чингэлтэйн ард түмний итгэлээр хоёр ч удаа төр түшилцсэн энэ эмэгтэйд өрөвдөх сэтгэл өчүүхэн ч алга. Ийм улстөрчийг дахин сонгохгүй байхсан монголчууд аа. Хөгжлийн бэрхшээлтэй үрсээ тэврээд Төрийн ордны гадна хоносон эцэг эхчүүдийн төлөөллийг Ерөнхий сайд хүлээн авч уулзаж буй бөгөөд нааштай шийдвэр гарна гэдэгт найдаж сууя.