"Хаан хүнс Эрчим" клуб Үндэсний дээд лигт 13 дахь удаагаа аваргаллаа

O.Admin
2022-07-04

Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Моби дээд лиг” улирлын турш гайхалтай өрсөлдөөнтэй үргэлжилж, “Хаан хүнс Эрчим” клуб аваргын цомыг өргөх болзол хангалаа.

1996 оноос эхлэлтэй үндэсний дээд лигийн түүхэнд 12 удаагийн аварга хэмээн өөрсдийн нэрсийг мөнхөлсөн “Хаан хүнс Эрчим” баг “Моби Дээд Лиг”-ийн 18-р тойрогт хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Төв Буганууд”-ыг 5:0-ээр хожиж 13 дахь аваргын цомоо өргөх эрхтэй болсон юм.

“Улаанбаатар” клуб хоёр дахь удаагаа дээд лигийн аварга болохын төлөө, “Улаанбаатар сити” хүрэл медалийг өөрсдийн болгохын төлөө гал гарсан нийслэлийн дерби тоглолтыг 18-р тойрогт толилуулав. Тус тоглолтод “Улаанбаатар сити” 3:2-оор хожиж “Моби Дээд Лиг”-ийн хүрэл медалийг энгэртээ гялалзууллаа.

13 удаагийн аварга “Хаан Хүнс Эрчим” хэмээх эрхэм хүндтэй цолыг багтаа авчрахад үлэмж нөлөө үзүүлсэн хаалгач Б.Ариунболд, хамгаалагч Г.Билгүүн, довтлогч Мишима Юүта нар байрлал тус бүрдээ шилдгээр тодорч хөгжөөн дэмжигчдийнхээ баяр дээр баяр нэмсэн юм.

Харин шилдэг хагас хамгаалагчийн шагналыг “Улаанбаатар” клубийн Серби легионер Неманяа Крусевач хүртлээ.

“Моби Дээд Лиг”-ийн тоглолтуудыг үнэн шударгаар шүүн явуулсан шилдэг шүүгчдийг тодруулахад АХБХ-ны Элит шүүгч Э.Ариунболд шилдэг талбайн шүүгч, МХБХ-ны А зэрэглэлтэй Б.Логьшир шилдэг туслах шүүгч боллоо.