ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: УИХ тарах ёстой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-13

Төрийн ордонд өнөөдөр  УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдав. Хуралдааны талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ,  Ж.Батзандан, З.Нарантуяа нар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.  Хурлын эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат   “Арбитрын шүүхэд  “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал унаснаас үүдэж их хэмжээний төлбөр нэхэгдсэн. Мөн  үйлдвэрийн удирдлагууд гадаадад зорчих эрхийг хүртэл цуцалсан байна. Засгийн газар энэ асуудалд анхаарах ёстой байтал одоог хүртэл дорвитой алхам огт хийхгүй  байна.

Эрх барьж байгаа намын дотоод зөрчлөөс үүдэн, эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Улс орны ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтойгоор хохирсоор байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй иргэдийн амь нас хохирсоор байгааг анхаарах хэрэгтэй. Манай улсад вагоны осол гарсан түүх ховор. Гэтэл вагоны осол гарсны улмаас 88 хүнд эмнэлэгт хандаж, хоёр хүний биеийн байдал хүнд байна.

АН энэ бүхнийг сөхөж ярихаар  байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ослыг улстөржүүллээ гэж байгаа юм. Төмөр замын байгууллага бол хагас цэрэгжсэн, маш сайн зохион байгуулалттай ажиллаж ирсэн газар. Энэ сахилга бат, ажиллах арга барил хаачив. Энэ асуудал дээр Засгийн газрын нэг сайд, дэд сайдыг огцруулаад яах юм. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээх ёстой. Цаашлаад Засгийн газраа бүрдүүлсэн УИХ энэ асуудалд анхаарал хандуулж чадахгүй бол тарах ёстой” хэмээн мэдэгдлээ. Түүний дараа бусад гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдсан. Монгол бол Ардчилсан улс. Бид гаднаас хүн хулгайлдаггүй. Өөрийн орноос хүн хулгайлуулдаггүй. Гэтэл Тагнуулын байгууллага хүн хулгайлах хэрэгт оролцож, Засгийн газар уг асуудлаар ганц дорвитой байр суурь илэрхийлээгүй явдалд АН шүүмжлэлтэй хандаж байна.

Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд дорвитой алхам хийгээгүй. Саяхан эрдэнэт хүний амь нас намын зөрчлөөс болж эрсэдлээ. Ганцхан сайдыг огцруулаад асуудлаас бултана гэж байхгүй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ-ыг тарахыг АН шаардаж байна.

 

УИХ-ын гишүүн  З.Нарантуяа гишүүн: Эдийн засгийн өсөлтүүд сайжирсаар байгаа энэ үед Засгийн газар санаачилгатай ажиллаж чадахгүй байна. Зоригтой, сайн шийдвэрүүдийг гаргадаг Засгийн газар ажиллах хэрэгтэй байна. Тиймээс АН Засгийн газрыг огцорч, чадвартай шинэ бүрэлдэхүүн үүсгэхийг УИХ-аас шаардаж байна. УИХ сайн Засгийн газар байгуулж чадахгүй бол огцрох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Манай нам “Монголоо сонсъё” аяны хүрээнд Чингис, Самурай бондын зарцуулалтыг ард түмэндээ тайлагнасан. Одоо эрх баригчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тавьсан гадаад зээлүүдийг хэрхэн зарцуулсныг ард түмэнд тайлагнах хэрэгтэй.

Ингээд хуралдааны дараа цөөн асуултад хариулт авлаа.

-Чуулган завсарласан учраас Засгийн газрыг огцруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлыг АН-ын бүлгийн зүгээс дэмжинэ. Ээлжит бус чуулган зарлана гэдэгт итгэлтэй байгаа. Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудлыг шийдэхэд УИХ-ын Дэгийн тухай хуулиар хэлэлцэх заалттай. Засгийн газар дангаараа шийдчихгүй. хуулийн дагуу асуудлыг ярина.

-“Эрдэнэт” үйлдвэрийн талаар Арбитрын шийдвэр эцэслэн гарч, 98 сая ам.доллар төлөх ёстой гэж үзжээ. Энэ шийдвэрт АН ямар байр суурьтай байгаа вэ?

 -“Эрдэнэт”  үйлдвэр дээр 51, 49 хувь гэсэн асуудлууд ярьсан.

Эрх баригч нам үүн дээр янз бүрийн тайлбар хийж, ард түмний тархийг  угааж байгаа. Ажлын хэсэг байгуулагдаад ажиллахаар манай намд яамд мэдээллээ гаргаж өгдөггүй. Манай Я.Санжмятав гишүүнд “Эрдэнэт” үйлдвэрээс ирсэн мэдээллээс харахад манай улс холбогдох төлбөрийг хийхээс өөр аргагүй.

 “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд тодорхой улсуудад зорчих эрхгүй нөхцөл байдал үүсчихээд байна.