ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Номин: Чингис хаан музейг есдүгээр сарын 15-нд нээнэ

O.Admin
2022-08-17

Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, дараа онд нь барилгын ажил эхэлж байв.  Музейг энэ оны есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөсөн бөгөөд дэглэлтийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдөр Соёлын сайд Ч.Номин болон дэд сайд М.Батбаяр нар музейн ажлын явцтай танилцлаа.  Үзмэрүүдийг байрлуулах, дэглэх, гэрлээ тохируулах, хамгаалалтын шилэн хоргуудыг суурилуулах зэрэг ажил музейд ид өрнөж байв.

Уг музей дэх бүхий л зүйл стандартыг баримталсан байх ба гадаадын мэргэжилтнүүдээр зөвлүүлж байгаа юм.  Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шинэлэг технологиудыг шингээснээрээ онцлогтой энэ музейд зочилсноор Монголын түүх, дэлхийн түүхэнд оруулсан монголчуудын хувь нэмрийн талаар бүхий л мэдээллийг авах боломжтойг  онцолж байв. Салбарын сайд "Чингис хаан, хаад язгууртны музейг нээхэд тун ойртсон. Есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн ажлуудаа гүйцэтгэж байна. Уг музей нь Хүннү гүрнээс эхлээд Богд хаант улс хүртэл Монгол нутагт оршин байсан бүх улсын түүхийг харуулж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн Монгол бахархал танхимд дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг харуулна. Өөрөөр хэлбэл, энэ музейд ирснээр Монгол Улсын талаар бүрэн хэмжээний мэдээлэл авах боломжтой, олон улсын стандартад нийцсэн томоохон хэмжээний соёлын бүтээн байгуулалт болж байна. Музей өмнө нь хадгалах, үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол цаашид боловсролын чиглэлийг нэмж байна.

Үүнээс гадна олон улсын эрдэм шинжилгээний томоохон хурлуудыг Монголдоо хийх боломжтой болж байгаа. Мөн хамтарсан үзэсгэлэнгүүдийг ч гаргах юм. Хамтарсан үзэсгэлэн гаргахаар хэд хэдэн газар манайд хандсан. Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ирэх онд Франц улсад Чингис хаан үзэсгэлэнг гаргана" гэлээ.