ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: 120 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-08-17

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУЯ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр хичээл, сургуулийн бэлтгэл ажлын талаар сэтгүүлчид тодруулав. 

Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ, "Засгийн газрын хуралдаанд үнийн өсөлтийн мэдээллийг холбогдох сайд нар хийсэн. Боловсролын сайдын хувьд төрийн өмчит  их, дээд сургуулиуд болон хувийн хэвшлийн дунд сургуулиудын сургалтын төлбөрийг аль болох нэмэхгүй байх чиглэлийг танилцууллаа.

Сургалтын төлбөр үнийн өсөлтөд нөлөөлдөг учраас ийм зохицуулалт хийхээр ажиллаж байгаа юм. Мөн нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл цэцэрлэгтэй яг адилхан цахимаар явна. Ирэх долоо хоногт бүртгэл эхэлнэ. Тэр дундаа хамран сургах тойргийг үл тоодог, авлига, арын хаалгаар хүүхдүүд ордог гэх 1, 23, 18 зэрэг 15 сургууль, 20 цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар ил тод хийнэ” гэлээ.

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлснээс хойш 80 орчим мянган хүүхэд цахимаар бүртгэлээ хийлгэсэн бөгөөд өнөө жил 120 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрджээ. 36 мянган хүүхэд жил бүхэн цоожтой хаалганы цаана үлддэг байсан бол өнөө жил тэр асуудал яригдахгүй гэдгийг мөн сайд онцлов. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй хороо байхгүй ч Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаа учраас аравдугаар сар хүртэл зохион байгуулалтыг хийж, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлнэ хэмээв. Үүнээс гадна ковидын халдвар энэ намар дахин дэгдэх бодитой эрсдэл бий болсон учраас хүүхдэдээ вакцин хийлгэхийг уриалах ч заавал хийлгэхийг шаардахгүй гэдгийг мөн онцоллоо.