ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өвөлжилтөд С.Бямбацогтоос өөр анхаарах улстөрч алга

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-08-24

Зуны сар зургаа биш гэдгийг манай УИХ-ын гишүүд, сайд дарга “сэтэртэй” хүмүүс ер нь ойлгож байгаа болов уу. Нэг л их бөх, морь дагаж, дээл хувцас намируулсан хүмүүс зунжингаа найр, наадам хэсээд алга болчихлоо.

Сонгогдсон тойрог, улс оронд ямар асуудал үүсээд байгааг ч тоож харах сөхөөтэй хүн алга. Үндсэн хуулийн өөрчлөлт, дараагийн сайдын албан тушаалын сургаар Ж.Мөнхбат гишүүний хэлдгээр улстөрчид маань 1,2 дугаар араандаа хийчихээд л Төрийн ордоноор жороолж буй сурагтай.

Харамсалтай нь энэ жил хот, хөдөөгүй өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой болчихлоо. Муу амлавал улсаараа “хөлдөх” аюул ч нөмөрчихсөн. Баруун аймаг гэхэд л хэдэн өдөр тог цахилгааны хязгаарлалтад орсон. Цаашдаа ч энэ хэвээр байж магадгүй. Цаашлаад баруун аймгуудад зуншлага тааруу, малчид яажшуухан өвлийг давна даа хэмээн зовж суугааг ганц нэгхэн хүн олж харж улстөрчдөд сануулж, индэр дээрээс анхааруулж байна гэхээр гомдмоор. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбцогт энэ талаар чамгүй удаан дуугарч байна. Байсхийгээд л өвөлжилт, зуд, ирэх өвлийн хүнд хэцүүг сануулж, бүр арга ядахдаа 150 сая төгрөг хувиасаа гаргаж уралдаан зарлаж байх аж. Ямартаа л “Өвлийг өнтэй давцгаая” гэдэг уралдаан хүртэл зарлаж байх вэ дээ.

Нэгэнт нөхцөл байдал тодорхой болчихоод байхад нэгдэж, нийлээд сум орон нутгийнхаа төлөө дорвитойхон ажил хиймээрсэн, улстөрчид өө. Гэнэт ухаан орсон аятай буруу, зөрүү ажил хиймээргүй байгаа юм. Эртнээс төлөвлөгөөтэй, дорвитой ажилламаар байна, гишүүд ээ. Гэтэл баруун аймгаас сонгогдсон нөхдүүд найр хэсэж дуулаад, наадам зохион байгуулж давхиж яваа гэх. Нэг хэсэг нь сайдын суудлын төлөө үнэгэн шогшоо хийгээд зав алга.

Нөгөө Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцаа яах юм, өвлийн ид хүйтнээр цахилгаан тасалдахгүй байх юм уу, малчид хадлан тэжээлээ яах вэ гээд баруун аймгийн мянга түмэн асуудлыг Төрийн ордонд хэлж сануулж суугаа ганц хүн нь С.Бямбацогт гишүүн биш л байлтай.  Тэндээс ганцхан хүн сонгогдоогүй биз дээ. Зуд болоход хандив гуйж суух биш зуднаас өмнө ажлаа хийвэл яадаг юм бэ. Найрлаж дууссан бол нийлээд нутаг орныхоо төлөө дуугараач, гишүүд ээ. Баруун аймгууд энэ өвлийг яажшуухан давна аа. Иргэндээ үйлчилж, тэдний төлөө зүтгэх ажлаа хиймээр байна, улстөрчид өө.