ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Данхагар төрийн давжаа шийдэл

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-09-02

Хариуцах дарга нь олширч толгой нь данхайх тусмаа гаргаж буй шийдвэр нь “давжаа”-рдаг харалган төрийн дараагийн муйхар шийдвэр нь автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж тэгш, сондгойгоор зорчуулах явдал.

Аль 10 жилийн өмнө л гал унтраах байдлаар дугаарын хязгаарлалтыг мөрдүүлсэн төрийнхөн замын төсвөө улам л данхайлгаж, бүр түгжрэл хариуцсан сайдтай болоод ч хязгаарлахаас өөр шийдэл гаргаж чадсангүй. Монгол Улсын Засгийн газар түүхэндээ байхгүй буюу 420 тэрбумыг түгжрэлийг арилгахад зарцуулна хэмээн энэ онд төсөвлөж, бүр салбар дундаа шийдлээ олж чадахгүй учраас нэгтгэж базах сайд гаргаж өгсөн ч тэгш, сондгойроор А бүсдээ зорчиж, бусад газруудадаа түгжрээд явах эсэх чинь таны дурын асуудал гэсэн "давжаа" шийдвэр гаргахаас өөр тэд юу ч хийхгүй бололтой.

Хотын дарга өчигдөрхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэгш сондгойгоор зорчуулах нь иргэдэд таалагдаж байгаа учраас энэ шийдлийг он дуустал сунгалаа” хэмээн мэдэгдсэн даруйдаа өнөөдрөөс эхлэн "НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо, 11 11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь тэгш сондгойг дэмжлээ, Замын цагдаагийн газраас түгжрэлийг шийдэх богино хугацааны үр дүнтэй арга гэж үзлээ" гэсэн арга ядсан пиарын мэдээллүүд түгээж, хэвлэлүүдээр тандалт явуулж эхлэв. Энэ бол аргаа барсан хүний, ажлаа мэдэхгүй дарга нарын хувиа хичээсэн, амар хялбар гарц төдий. Төрийн бүтцээ данхайлгах тусмаа түгжрэлийг шийдэх гарц олж чадахгүй байгаа бол Хот хариуцсан сайдын хэрэг ч энэ улсад байхгүй. Түгжрэл шийд, нийтийн тээвэр шинэчил, эргэлтийг хурдасга, судалгаа тооцоотой ажлууд хий хэмээн Ж.Сүхбаатар гэгчийг томилсон байлтай.

Гэтэл ажлаа авсан өдрөө л “Захиргаадалтын арга зарим талаар хэрэглэхээс өөр аргагүй” хэмээсэн нь ийм учиртай байжээ. Монгол Улс маш жижигхэн хоттой. Тийн атлаа 1.5 саяулаа түгжирч амьдардаг нь үнэн ч гэлээ энэ улсад хамгийн дорой хөгжсөн зүйл нь нийтийн тээвэр. Үүнийг л өөрчлөөд өгөөч гэж Ерөнхий сайд энэ нөхрөөс хүссэн ч нөгөөх сайд нь харин коммунист сэтгэхүйгээр асуудалд хандаж эхлэв. Хот хариуцсан том албан тушаалд суучихаад хорь цагд гэдэг шийдвэр гаргах байсан бол Хотын дарга ч үүнийг дангаараа шийдэж чадах билээ.

Харин Ж.Сүхбаатар гэгч сайд өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийг хөгжүүлнэ хэмээж төрөөс мөнгө авсан төсөл хөтөлбөрүүд хаана гацсан, яагаад судалгаа буруудсан, ирэх жилүүдэд зарцуул гэж төсөвлөсөн мөнгийг хэн хэрхэн яаж зарцуулж буй, нийтийн тээврийн автобусны тоог нэмэх, эргэлтийг хурдан болгоход юу дутагдаад байгааг олж илрүүлэх ёстой баймаар. Улсын төсвөөс дөрвөн жил үнэгүй мөнгө идсэн BRT, LRT, Дүүжин зам, метроны төслийн мөнгөнүүдийг шалгая. Идэж уусан хүмүүсээр нь эргэн төлүүлж, түүгээрээ автобусаа худалдаж ав. Төлж чадахгүйг нь шоронд нь хий, ажлаас нь зайлуул. Бодитой гарц гаргалгаа хаймаар байна, Сайд аа, Хотын дарга аа.

Автобусны эргэлт хурдан болж, цэвэрхэн тохитой, харилцаа хандлага нь зөв байдаг бол хэн ч тэгш сондгойг эсэргүүцэхгүй. Зам дээр түгжирч байснаас автобусанд суугаад хурдан очихыг л бодно. Гэтэл А бүсдээ хэдүүлээ тэгш сондгойгоор явцгаая гэдэг бол дэндүү давжаа шийдэл. 

Хязгаарлалтаа бүхэлд нь цуцал. 19-өөс цааш түгжрэхгүй байж болох ч тэрнээс нааш түгжрэл хэвээр байгаа. Гурвалжингийн гүүр, Саппоро өнгөрөөд л түгжирсэн хэвээр байна. Үнэхээр л энэ шийдлийг хийхээс өөр гарц харагдахгүй байгаа бол маш яаралтай тэтгэвэрт гарсан автобуснуудаа бүрэн шинэчилье. Жолооч нарынхаа харилцаа хандлага, нийтийн тээврийн үйлчилгээний стандартад шаардлага тавь. Эргэлтээ хурдан болго. 

Алслагдсан гэр хороолол, Нисэх Яармаг чиглэлийн автобусны тоогоо нэмэгдүүлье. Гэтэл нийслэлийн хүн амынх нь 4/2 нь бараг оршин сууж буй Нисэх, Яармаг чиглэлд автобус бараг ирэхгүй, нэг талын түгжрэлээс үүдэн эргэлт нь удааширдаг учраас боломжтой бүх айлууд нь хоёр машин авахаас өөр аргагүй болж буй. Боломжгүй нь харин өглөө, орой нийт 8 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг. Энэ байдал тэгш сондгой болгоод ч арилахгүй. Учир нь тэд А бүсэд амьдардаггүй учраас Нисэхийн түгжрэл буурна гэж байхгүй. 

Такси км нь 2500 төгрөг болчихсон байхад сарын 14 хоногт нь такси барьж хотын төв рүү ажилдаа очих хүн олдох уу. Түгжрэлээс айгаад ажлаасаа гарлаа гэхэд тэр хүн амьдралдаа хэрхэх вэ. Автобусанд суугаад хожигдож байгааг ойлгохгүй дарга цэрэг олон учраас ажлаасаа хоцрох бүртээ тэд цалингаасаа хасуулна. Гэр хорооллын хол зайд амьдарч буй иргэд ч аргаа барахдаа л машинаар хүүхдээ зөөж, эс бөгөөс нийтийн тээвэрт багтахын тулд үүр цүүрээр явж буй. Хамран сургах тойрог гэж байгаа ч тэр сургууль нь гэрээс нь хол олон зуун хүүхэд өвлийн хүйтэнд автобус хүлээсээр хөлдөх ёстой юу.

Арван жил дугаараар хязгаарласан атлаа дахиад үүнээс өөр гарц олж хараагүй байна гэдэг дэндүү арчаагүй төрийн шинж. Иргэдээ явган зорчих байтугай дугуутай явах ч зам шинээр хийхгүй 10 жил өнгөрүүлчихлээ, та нар. Шинээр барьсан Замын цагдаагийн том гүүрэнд хүртэл явган зорчигч, дугуйн замаа мартчихдаг л төр шүү дээ. Замын татвараа зөв зүйлд зарцуул. Эс бөгөөс талыг нь төлөхгүй байх эрх ч ард түмэнд бий.