М.Лхагвагэрэл дэлхийн аваргаас анх удаа мөнгөн медаль хүртлээ

O.Admin
2022-09-17

Сербийн нийслэл Белград хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-д хүч сорьсон ОУХМ М.Лхагвагэрэл, аваргын төлөө Туркийн алдарт бөх Таха Акгюльтэй хүч үзэж 6:2-оор хожигдож, мөнгөн медалийн эзэн боллоо. М.Лхагвагэрэл шөвгийн 16-д Узбекистаны Х.Рахимовтой барилдах байсан ч учраа бөх нь гэмтэл авснаар дэвжээнд гарч ирээгүй. Харин шөвгийн наймд Казахстаны О.Болтиныг 4:2-оор хожин их шөвөгт шалгарч, улмаар хагас шигшээд Гүржийн алдарт бөх, дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Гено Петриашвилиг 4:2-оор буулган авч, финалд барилдах эрхтэй болсон юм. 

Түүний өрсөлдөгч 32 настай Таха Акгюль нь "Рио-2016" олимпын аварга, Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, ДАШТ-ий хос мөнгө, хос хүрэл медальт , 2015 оны Европын наадмын аварга, Европын найман удаагийн аварга тамирчин юм.