ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

O.Admin
2022-10-12

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд орон нутаг дахь албан томилолтоо “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсанаар үргэлжлүүллээ. 

Монгол Улсын Засгийн газар “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн концессын гэрээг цуцалж удирдлагын болон өмчлөлийн эрхийг төрд шилжүүлж авах шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан. 

Үйлдвэрийг “Кью Эс Си” компаниас хүлээж авахад 664 тэрбум төгрөгийн өртэй, 370 тэрбум төгрөгийн авлагатай байсан бөгөөд 2021 онд 40 тэрбум, 2022 онд 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэх боловч 122 тэрбум төгрөгийн татварын өр төлбөртэй байсан. Санхүүгийн хувьд маш их алдагдалтай компанийг хүлээн авсан хэмээн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Худалдаа хөрөнгө оруулалтын газрын дарга С.Энхзориг ярилаа.

Мөн тэрбээр, “Энэ жил 100 мянга гаруй тонн бүтээгдэхүүн экспортод гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Бид арматурын дотоодын хэрэгцээний 50 хүртэлх хувийг дангаараа хангаж байсан түүхтэй. Харин өнөөдрийн байдлаар 5-10 хувийг л хангаж байна. Учир нь түүхий эд буюу хаягдал төмрийн нөөц муудсан. Үүнээс үүдээд үйлдвэрлэлийн хүчин чадал муудсан” хэмээв.  

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн нойтон баяжмалын үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан. 

Уг үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл  2011 онд хийгдэж, 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлж нэг сар туршилтаар ажиллаад зогссон байна. Туршилтын хугацаанд ажиллуулахад бүтээгдэхүүний чанар стандартад нийцэхгүй, зорилтод үр дүн, хүчин чадалдаа хүрч ажиллаж чадаагүй байна. 2019 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээд 2021 он хүртэл гурван жилийн хугацаанд ажиллахад 380 мянган тонн хүдэр баяжуулжээ. Үүнээс хойш тэг зогсолт хийгээд нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. 

Өөр өөр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэг үйлдвэр болгоод угсарсан. Технологийн уялдаа холбоо байхгүй, эвдрэл ихтэй нь өнөөдөр үйлдвэр зогсох шалтгаан болоод байна. Үүнийг засаж янзлахад маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Цаашид энэ үйлдвэр ажиллах боломжтой эсэх тал дээр мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахаар хүсэлтээ өгсөн гэдгийг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал А.Ариунболд хэллээ.

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК "Монгол Ган цогцолбор I” төслийн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа  аж. Тус  төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд жилд 350 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, аргалж, хорголж, коксын үйлдвэрүүд, бусад дэд бүтцийг багтаасан, ган үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэрүүдээс бүрдсэн цогцолбор үйлдвэржилтийн төсөл юм. Үйлдвэр ашиглалтад орсноор гол нэр төрлийн ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 30-50 хувийг хангаж 325.7 мянган тонн төмрийн хүдрийн хорголж экспортод гаргах юм. 

Түүнчлэн шинээр 1900 гаруй тогтвортой ажлын байр бий болохоос гадна дагалдах жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих зэрэг нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой гэдгийг үйлдвэрийн удирдлагууд тодотгоод үйлдвэр барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тухайгаа Байнгын хорооны дарга, гишүүдэд мэдэгдлээ.

Дараа нь Ажлын хэсгийнхэн “Ган бөмбөлөг ундрага” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.