"Moon Dance" хамтлаг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2022-10-17

2022 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Moon Dance" хамтлаг амжилттай оролцож дэд аваргаар шалгаран, мөнгөн медаль, цомын эзэн болжээ. Улмаар, Монгол Улсын багийн спортын түүхэн амжилтыг тогтоолоо.

2009 онд анх клуб байгуулагдсан гэж тооцвол багш дасгалжуулагчдын 20 жилийн тууштай хичээл зүтгэлийн үр дүн өнөөдөр гарч байгаа аж.

Moon Dance Team хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж, энэхүү амжилтыг буухиалан авчирсан 50 гаруй залуучуудын нөр их хөдөлмөр, тэдний гэр бүлд халуун баяр хүргэе. Бүжгийн спортын зуун жилийн туршлага, түүхтэй хүчирхэг гүрнүүдийн баг тамирчидтай эн тэнцүү өрсөлдсөн нь Монгол Улсын багийн спортын тамирчид, дасгалжуулагчдад итгэл өгсөн сайхан үйл явдал болж байна.

Энэ удаагийн тэмцээндээ тэд илүү шинэлэг дүр төрх, имиж, бүжиг болоод хөгжмийн найруулга, хувцас дизайныг бүрдүүлэн, олон улсын менежментийг нэвтрүүлж багагүй хичээл зүтгэл гарган, хичээнгүйлэн ажиллажээ. Бүжгийнхээ зохиомж, хөгжимд эх орныхоо аугаа их өв соёл, уламжлал, үндэсний ондоошлыг бий болгож, ДАШТ-ий шинэ үеийн дүр төрхийг бүтээжээ.