ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ

O.Admin
2022-11-25

Нэгдсэн Үндэстний Байгууллага 1991 онд анх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг санаачлан эхлүүлсэнээс хойш эдүгээ 187 улс орон энэхүү аяныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-аас арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол Улс 25 дахь жилдээ жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жил жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Нандин бүхнээ хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна. Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг уриалж байна.

Өнөөдрийн аяны нээлтийн үйл ажиллагааг ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр чиглүүлж, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Захирал Н.Арвинтариа нар оролцон үг хэлж, аянд нэгдэж буйгаа илэрхийллээ.

Өмнөх жилүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулага батлагдсантай холбоотойгоор ЖСХ-ийн хор уршиг, гэр бүлийн хүчирхийллийн (ГБХ) үр дагаварын талаар олон нийтэд ойлгуулах, тэдний анхаарлыг энэхүү асуудалд хандуулахад аян илүү чиглэж байсан. Харин 2019 оноос НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд аянд нэгдсэнээр аяны хамрах хүрээ илүү өргөжиж, ажлын байран дахь бэлгийн дарамт, түүнээс сэргийлэх хариу арга хэмжээ авах гэх мэт ЖСХ-ийн бусад хэлбэрүүдэд чиглэх болсон.

-2022 оны ЖСХ-ийн эсрэг 16 хоногийн аяны нөлөөллийн ажлын зорилго

2022 оны аян нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар зохион байгууллагддаг “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд НЭГДЭЕ” (“UNiTE! Activism to End Violence against Women & Girls”) аяны үзэл санаатай нийцэж байгаа бөгөөд дараах зорилтуудыг тавьж байна.

Үүнд:

• Бүх нийтийг ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход активист байхыг уриалж, олон нийтийн дунд дуу хоолойгоо өргөж, энэхүү асуудлын талаар ойлголт мэдлэг дээшлүүлэх үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож, жендэрийн тэгш байдлыг хангахад манлайлах.;

• Ковид 19 цар тахлын улмаас нэмэгдсэн ЖСХ/ГБХ-ийн тохиолдолыг бууруулахад хариу арга хэмжээ авах, ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх активизмд үндэсний, орон нутгийн хамтрагч талуудыг татан оролцуулах, дайчлах;

• Олон улсын стандартад нийцүүлэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид, түүний төлөө ажилладаг активистуудыг ялгаварлан гадуурхах, тэдний эсрэг дарамт, сүрдүүлэг, хүчирхийллийг үгүй хийх, урьдчилан сэргийлэх хамгааллын механизмыг бэхжүүлэхэд нөлөөллийн ажлуудыг хийх;

• Жендэрийн тэгш байдлыг хангах, ЖСХ-ийг нийгмийн бүхий л түвшинд үгүй хийхэд эрэгтэйчүүд, хөвгүүдийг татан оролцуулах явдал юм. 

 

“НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ-ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО”