ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэндчилгээ

O.Admin
2022-11-26

Монгол Улсын ард иргэд, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!

Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахад залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмад дайчид аа!

Та бүхэндээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарлаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх зүйт төр улс, тусгаар тогтнолоо даян дэлхийд тунхаглан зарласан түүхт өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Монголчууд бид эрт эдүүгээгээс төрийн сүлдээ хүндэтгэн дээдэлж, “Мориндоо мордоод төр улсыг хураах амархан, харин мориноосоо буугаад төр улсыг засах хэцүү” хэмээх өвөг дээдсийнхээ үнэтэй сургааль, хууль цааз, зан заншлын хэм хэмжээг сахин мөрдөж ирсэн түүхтэй ард түмэн билээ.

Харийн түрэмгийлэгчдийг эх нутгаасаа үлдэн хөөж, шинэхэн тогтсон улс, гэрээ засан тохинуулах, ирээдүйн хөгжлийн замаа сонгох түүхэн хариуцлагатай тэр цаг дор тухайн үеийн засаг захиргааны бүх нэгж, аймаг, хошуу бүрээс сонгогдон ирсэн төлөөлөгчид Улсын анхдугаар Их хурлаа зохион байгуулж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хаант засгаас Бүгд найрамдах засаглал буюу ард иргэд нь төр, засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гарган Анхдугаар Үндсэн хуулиа баталсан юм.

Анхдугаар Үндсэн хуулиар хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан төдийгүй эмэгтэйчүүд эрчүүдийн адил тэгш эрхтэй, Монголын газар шороо, байгалийн баялаг, ой мод, ан амьтан зэргийг бүх ард түмний өмч хэмээн зарлан тунхагласан Ази тивийн анхны орон болсон юм.

Манай ард түмний энэхүү сонголт нь ардчилсан төрт ёсны үндсийг бүрдүүлэн туурга тусгаар улсаа дэлхий дахинд зарлан тунхаглаж, шинэ зуунд хөгжил, дэвшлийг өрнүүлсэн түүхэн ач холбогдолтой. Иймээс Монгол Улсын иргэн бүр энэхүү өдрийг хүндэтгэн дээдэлж, бахархан тэмдэглэх учиртай.

Та бүхэндээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол төрийн мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ГҮРСЭДИЙН САЙХАНБАЯР