Нидерланд А хэсгийг тэргүүлж, тэдний араас Сенегал гарлаа

O.Admin
2022-11-30

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнөөс эхэллээ. А хэсгийн сүүлийн тоглолт болсон бөгөөд тус хэсэгт Нидерланд, Сенегал, Эквадор, Катар гэсэн багууд орсон юм.

Хэсгээсээ гарахгүй болсон эзэн орны тамирчид болох Катарын шигшээ өнгөрсөн шөнө Нидерландын эсрэг тоглосон бөгөөд 0-2 харьцаагаар хожигдсон байна. Тоглолтын салхийг 26 минутад Коди Гакпо нээж оруулсан бол эцсийн цэгийг 49 минутад Френки Де Йонг эсрэг багийн хаалганд хийсэн юм. Харин Катар дөрөвдүгээр байраар тэмцээнээ дуусгасан бөгөөд хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд хэсгийн шатанд нэг ч оноо авч чадаагүй анхны зохион байгуулагч баг орон Катар болсон юм.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Эквадор болон Сенегал багуудын хооронд болж 2-1 харьцаагаар Сенегал хожлоо. Тус тоглолтын салхийг 44 минутад Сенегалын тоглогч Исмайла Сарр торгуулийн цохилтоор нээсэн ч тэнцээний гоолыг Мойзес Кайседо оруулжээ. Улмаар Сенегалын тоглогч Калиду Кулибали 70 минутад чөлөөт цохилтоос  оруулснаар дахин тэргүүлж эхэлсэн юм. Сенегал улмаар хэрэгтэй хожлоо байгуулж шөвгийн 16 шалгарч үлдсэн бол Эквадор нутаг буцахаар боллоо.

Тус хэсгийг Нидерланд 7 оноотойгоор тэргүүлж шөвгийн 16-д Америкийн нэгдсэн улсын багтай таарсан бол Сенегал В хэсгийг тэргүүлсэн Английн шигшээ багтай тоглохоор боллоо.