ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Энхманлай: Цаашид зөвхөн дэд бүтэц нь шийдэгдсэн газрыг өмчлүүлнэ

O.Admin
2022-12-01

УИХ-аар Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлайтай хуульд орж буй онцлох өөрчлөлтүүдийн талаар ярилцлаа.

-Хуулийн шинэчилсэн найруулгад  Газрыг зөвхөн хот, тосгон бусад суурины газарт, эрчим хүч, зам, шугам сүлжээ зэрэг инженерийн дэд бүтцэд холбогдсон эсвэл холбогдохоор төлөвлөгдсөн газарт өмчлүүлнэ” гэсэн заалт орж байгаа юм байна. Дэд бүтэц нь шийдэгдсэн, эсвэл шийдэгдэх нь тодорхой болсон хэчнээн га газар байгаа вэ?

-Газар өмчлөлийн хууль хэрэгжээд 20-иод жил болж байгаа. Энэ хугацаанд иргэдийн 19 хувь нь газраа өмчилж авсан. Үлдсэн 81 хувь нь хуулийн дагуу эрхээ эдэлж, газраа өмчилж авч чадаагүй байна. Энэ хүмүүст боломж олгох ёстой. Тиймдээ ч газар өмчилж авахад хугацаа заахаа болихоор хуульд тусгахаар болсон. Өнөө цагт орон нутаг, шинэ хотууд хөгжиж байна. Заавал Улаанбаатарт газар өмчлөх гээд байх шаардлага байхгүй. Хаана ч очоод газар өмчлөх эрх нээлттэй.

Нөгөө талаар газар өмчлөлийн асуудлыг нарийн зохицуулж өгөхгүй бол дуртай байршилдаа газар өмчилдөг. Тэр дундаа орон нутагт ямар ч төлөвлөгөөгүй уулан дээр, хуучны түүх соёлын дурсгал байрлах газарт, ямар ч дэд бүтэцгүй байршилд газар өмчилдөг. Бүр 50, 60 мянган хүнд дээр дурьдсан байршилд газар өмчилсөн тохиолдол гарсан. Тэр иргэд өмчилсөн газартаа очиж буугаагүй. Одоо газар дээрээ дугуй тавих, жаахан хашаа хатгасан байдалтай л байгаа. Огт төлөвлөлт байхгүйтэй холбоотой ийм зүйл болсон. Нэгэнт төлөвлөлт байхгүй учраас тэр газарт дэд бүтцийн ажил хийхгүй. Тиймээс шинэ хуульд төлөвлөлт хийгээд, инженерийн шугам сүлжээ татчихсан бол тэнд газар өмчилж болно. Эсвэл дэд бүтцийг нь шийднэ гэдэг нь тодорхой газарт л газар өмчилнө.

-Хууль батлагдаад, хэрэгжээд эхлэхээр өмчлөх газар байгаа юм уу. Байгаа бол хэчнээн га вэ гэдэг асуултад хариулт өгсөнгүй?

-Газар өмчлөх байршил, тоо хэмжээг Засгийн газар баталдаг юм. Жил бүр бүх аймаг, сумаас газар өмчлөх саналаа ирүүлээд, манайх нэгтгэж, боловсруулдаг. Боловсруулахдаа хуульд заасантай зөрчилдөж байна уу, өмчлөх боломжтой газар уу гэдгийг нь шалгана. Томоохон авто замын сүлжээний дагуу ч газар өмчилж болдог шүү дээ. Улсын хэмжээнд жилдээ 10 гаруй мянган иргэнд газар өмчилдөг. Орон нутаг, боомтууд хөгжиж, уул уурхай дагасан бүтээн байгуулалтууд нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор газар өмчлөх тоо хэмжээ жилээс жилд нэмэгдэнэ. Хууль батлагдахаар л бүгдээрээ шууд газартай болно гэж байхгүй. Заавал төлөвлөгөөний дагуу л ажил өрнөнө.

-Өмнө нь хэзээ дэд бүтэцтэй болох нь мэдэгдэхгүй газарт маш олон хүнд газар өмчлүүлчихсэн. Шинэ хууль хэрэгжиж эхэлсний дараа энэ асуудлыг цэгцлэх төлөвлөгөө байгаа юу. Дэд бүтэц орсон, эсвэл орох нь тодорхой болсон байршилд газар шинээр өмчлүүлэх гэх мэтээр?

-Энэ асуудлыг бид хөндөж ярьж байгаа. Хуулийнхаа дагуу энэ хүмүүст дахиж шинээр газар өмчлүүлэх боломжгүй болчихсон. Үүнийг ямар нэг байдлаар зохицуулах ёстой. Газар өмчлөх эрхийг нь цуцлаад, шинэ эрх нээх боломжийг олггох хэрэгтэй. Дэд бүтэцгүй байршилд газар эзэмшсэн хүмүүсийн ихэнх нь үл хөдлөхөд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй. Энэ нь давуу тал. Үл хөдлөхөд бүртгүүлчихсэн бол хэцүү. Заавал улсаас Өршөөлийн хууль шиг дүрэм, журам гаргаад, огт газар өмчилж аваагүй юм шиг болж байж дэд бүтэцтэй байршилд шинээр газар авах болно. Одоо бол ихэнх хүмүүс газраа үл хөдлөхөд бүртгүүлж, өмчлөөгүй учраас зохицуулах боломжтой. 20 гаруй мянган иргэн ийм газар авахгүй, цуцлуулъя гэсэн хүсэлтээ өгчихсөн байгаа юм билээ.

-Иргэд орон нутагт гэхээсээ илүүтэй Улаанбаатар хотод газар өмчлөх хүсэлтэй байдаг. Тэгвэл нийслэлд өмчлүүлэх газар байна уу?

-Улаанбаатарт төвлөрөлтэй холбоотой бүхий л асуудал үүссэн. Одоо барьж байгаа бодлого нь нийслэлийг тэлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх. Налайх, Багануур зэрэг алслагдсан дүүргүүдээ хөгжүүлэхээр зорьж байна. Өөр дэд төвүүд ч нийслэлд үүсээд, хөгжих боломж бий. Энэ бүхэнтэй уялдаад, шинээр газар өмчлөх боломжтой байршил үүсээд л явна. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, зуслангийн бүсэд газар өмчлөх ажлыг маш бага хийсэн. Яагаад гэвэл төлөвлөгөөг буруу хийсэн байсан. Энэ жил хотоос тодорхой хөрөнгө оруулалтыг шийдэж, зуслангийн газрын төлөвлөгөөг сайжруулж байгаа. Төлөвлөлт сайжирчихвал зуслангийн газар эзэмшиж байгаа хүмүүст өмчлөх эрхийг нь өгөөд явна. Тэгвэл газар өмчлөлийн хувь, хэмжээ нэмэгдэнэ.

-Зуслангийн газар гэж ярьсных иргэдийн газрыг бүртгэх ажил ямар шатандаа яваа вэ. Хүмүүс яаж бүртгүүлэхээ мэдэхгүй байх шиг байна. Одоо болтол зуслангийн газраа бүртгүүлээгүй хүмүүс байсаар байна шүү дээ?

-Улсын хэмжээнд нэг сая 155 мянган газам эзэмшигч, өмчлөг, ашиглагч бий. Нарийн тоо хэлбэл, 663 мянган өмчлөгч, 486 мянган эзэмшигч, 6600 гаруй ашиглагч байгаа. Бид бүртгэлээ илүү сайжруулж, нарийвчлах ёстой. Одоогоор 80 гаруй хувьтай бүртгэл хийчихсэн. Гэвч 200-гаад мянган хүн бүртгэлээ хийлгээгүй.

Энэ дунд янз бүрийн зөрчилтэй хүмүүс багтаж байна. Газрынх нь гэрчилгээ олддоггүй, тэгсэн мөртлөө ашигладаг. Энэ бүхнийг бид дроноор дүрсийг нь авах зэргээр маш нарийн шалгаж, хаана хаана бүртгэлгүй газар байгааг ч тогтоочихсон. Бүртгэлийн ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 1-ний дотор хийнэ гэж байсан ч болоогүй. Иргэд цахим системийг ашиглаж чадахгүй байна. Яаж нэвтрэх, бүртгүүлэхээ ч мэддэггүй. Бүгд гэрчилгээгээ бариад газрын албан дээр оччихдог, ачаалал үүсгэдэг. Гэтэл газрын албанд тоотой хэдхэн хүн ажиллаж байгаа шүү дээ. Олон зуун хүний бүртгэлийг хийхэд хүндрэлтэй. Үүнээс үүдэлтэйгээр багагүй асуудал гарсан. Тиймээс газраа бүртгүүлэх хугацааг сунгасан.

Одоо бүртгэл хийж байгаа. Очоод бүртгэлээ хийлгэвэл дараалал, ачаалал байхгүй. Уг нь газар бүртгүүлэх зааварчилгааг цахим орчинд байрлуулсан. Тэр зааврыг хараад, цахимаар бүртгүүлчих боломжтой. Бидний зорилго цаашид газартай холбоотой үйлчилгээг цахимаар үзүүлэх. Газар авах хүсэлтээ цахимаар өгөх. Газрын төлбөрийн нэхэмжлэх цахимаар очдог гэх мэт. Орон нутагт киоск машинуудыг байрлуулж байгаа. Яагаад гэвэл бүх аймаг, суманд хурдтай интернэт алга. Зарим иргэнд ухаалаг утас, интернэтэд шууд орох хэрэгсэл байхгүй байж ч болно. Тиймээс иргэд үйлчлүүлж болох киоск машинуудыг байрлуулж байна. Тэнд зааварчилгаа өгч, иргэдэд үйлчлэх хүмүүсийг бэлтгэж байгаа. Эхний ээлжинд 4 аймагт киоск машин суурилуулсан. Энэ жилдээ багтаад улсын хэмжээнд цахим машин суурилуулахыг зорьж байна. Энэ машинаас өргөдөл гаргахаас эхлээд өргөдлөө хаана явж байгааг харах, гэрчилгээгээ хэвлэж авах гэх мэт бүхий л үйлчилгээг авах боломжтой. Цаашид энэ машиныг худалдааны төв, захуудад суурилуулна.

-“Бүртгэл хамрагдахгүй бол яах вэ, газрыг нь хураах юм уу” гэх мэт янз бүрийн асуултыг иргэд асууж байна?

-Энэ бүртгэлд иргэд заавал хамрагдах хэрэгтэй. Бид бүртгэлийг он дуусгаад хаана. Хаахгүй бол шийдвэр гаргадаг хүмүүс нь хуурамч шийдвэр гаргах гэх мэт асуудлууд гараад байгаа. Саяхан л гэхэд дур мэдэн хашаа бариад, газар хууль бусаар авчихсан тохиолдол гарсан. Уг нь бид газар олголтын асуудлыг цэгцлэх гээд байдаг. Гэтэл хүмүүс бүртгэлээ хурдан хийлгэхгүй удах хооронд асуудал үүсээд, шударга бус байдал гараад байна. Тиймээс иргэд бүртгэлээ хурдан хийлгэх хэрэгтэй. Зөрчилтэй бол бид зөрчлийг нь арилгаж өгч байгаа шүү дээ. Гэрчилгээгээ гээчихсэн бол нөхөж өгөх гэх мэтээр. Бид заасан хугацаандаа ажлаа хийнэ, түүнээс хойш бүртгэлээ хааж байгаад цахимд шилжих ажлаа хийж, цэгцэлнэ. Заасан хугацаанд газраа бүртгүүлээгүй гээд хураах энэ тэр гэсэн асуудал байхгүй. Энэ чинь бид газартай холбоотой бүх мэдээллээ л цахимжуулж, бүртгэлжүүлж байгаа ажил шүү дээ.

-Газрын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой нэг ташаа ойлголт гарсан. Энэ нь 35-аас дээш насны иргэдэд газар олгохгүй юм биш үү гэдэг ойлголт. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Өнөөдрийг хүртэл иргэдийн 80 гаруй хувь нь газраа өмчилж авч чадаагүй байна. Тэр дундаа 35 хүртэлх насны залуучууд газраа аваагүй. Яаж газар авах, хөөцөлдөхөө мэдэхгүй. Төрийн байгууллагаар явж, хөөцөлдөж сураагүй. Сонгуульд хүртэл оролцож өгөхгүй байна шүү дээ. Тиймээс 35 хүртэлх насны залуучуудад зориулсан тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлүүлэх заалтыг оруулж байгаа юм. Түүнээс биш бүх хүн л газар өмчлөх эрхтэй. Хуульд 35-аас доош насны залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэд. Мөн ахмад настнууд болон нийслэлийн орон нутаг руу шилжиж буй иргэдэд түрүүлж газар олгох заалтыг оруулж өгч байгаа юм. Газар өмчлөх хүсэлтийг бид цахимаар авна. Түүнээс биш бичгээр өргөдөл авчихаад, хойтон жил ирээрэй гэдэг. Жилийн дараа очихоор өргөдлийг нь олдоггүй, дахиад бичээд өгчих гэдэг. Ийм дампуу байдлыг хална.

Та хүсэлтээ цахим системд бичээд оруулчихна. Хүснэгт бөглөөд л болно. Таны хүсэлт 10 мянга дугаартай байсан гэж бодъё. Энэ жил улсын хэмжээнд 10 мянган хүнд газар олгоно гэж зарласан гэж тооцвол та тухайн ондоо багтаад газар авах юм байна гэж ойлгож болно. Таны урдуур дээр нэр дурьдсан бүлгийн хүмүүс л орно, хуулийн дагуу. Гэхдээ шалгана. Энэ хүн ахмад настан мөн үү, хөгжлийн бэрхшээлтэй юу, эсвэл асран хамгаалагч уу гэдгийг нарийн шалгаж байж, түрүүлж газар олгох жагсаалтад багтаана гэсэн үг.

-Насанд хүрээгүй иргэний өмчилсөн газрыг эцэг, эх нь захиран зарцуулах эрхгүй байхаар шинэ хуульд тусгаж өгч байгаа юм билээ. Хууль хэрэгжээд эхэлбэл заавал насанд хүрсэн хүнд л газар өмчлүүлнэ гэж ойлгож болох уу?

-Шинэ хуулиар бол 18 нас хүрч байж газар өмчлөх эрхээ авна. Тэгэхгүй бол хүүхдийн газрыг эцэг, эх, асран хамгаалагч нь авчихаад, зарчихдаг. Гэтэл нөгөө хүүхэд нас биед хүрээд газраа ашиглах, тэндээ амьдрах гэтэл эрхгүй болчихон байдаг. Ийм нөхцөл байдал эхнээсээ гарч эхэлсэн. Тиймээс энэ асуудлыг зохицуулах үүднээс хуульд тодорхой заалтыг оруулж өгсөн. Тухайн хүүхэд насанд хүрээд хаана амьдрахаа шийднэ, тэндээ газраа өмчлөөд авах боломжтой. 18 нас хүрэхээс нааш газар өмчлөх эрх нээгдэхгүй.

-18 нас хүрээд, газар өмчлөх гэж байгаа залуучууд газраа авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

-Шинэ хуульд цахимаар хүсэлтээ өгнө гэж заасан. Айхтар бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Цахим системээр ороод ирэхэд угаасаа мэдээлэл нь Төрийн мэдээллийн санд хадгалагдчихсан байгаа. Тиймээс хаана газар авах вэ гэдэг хүсэлтээ гаргаж, сонголтоо бөглөөд л болно. Аль аймаг, сум, хаана, хэзээ гээд сонголтоо л бөглөнө. Таны хүсэлт шийдэгдээгүй үед сонголтоо өөрчилж бас болно. Ямар нэг илүү бичиг цаас ерөөсөө авахгүй. Маш амар болно. Гар утас, компьютераараа хүсэлтийн шийдвэрлэлтэд ямар шатандаа явж байгааг хяначихна. Ер нь газартай холбоотой бүхий л мэдээлэл одоо ч цахимд байгаа. Хүмүүс хянаж болно.

Мөн цахим орчинд ажиллаж, хүсэлтээ өгч чадахгүй, хянаж мэдэхгүй хүмүүст ззориулсан үйлчилгээнүүдийг гаргаж байна. Саяхан бид 19000101 гэсэн лавлах дугаарыг ажиллуулж эхэлсэн. Энэ дугаар руу утасдаад хүмүүс зөвлөгөө авч болно. Цахим системд яаж орж, бүртгүүлэхээс эхлээд хүсэлтээ хэрхэн гаргах гэх мэт бүх мэдээллийг нарийн авч болно.

-Нийтээрээ шахам газраа өмчилж авч чадаагүй байхад нэг хэсэг нь маш их газартай болчихсон байдаг. Тэгвэл шинэ хуульд нэг хүн тэдэн га газар л өмчилнө гэх мэтээр хязгаарлалтын заалт оруулж өгч байгаа юу?

-Одоо мөрдөж байгаа хуульд нарийн зохицуулсан заалт байхгүй. Үүнийг далимдуулаад янз бүрийн шийдвэр гаргаж байгаа. Орон нутаг болгон өөр өөрийнхөөрөө шийдвэр гаргадаг. Бид эндээс чиглэл өгөөд ямар ч нэмэргүй. Чиглэл нэг өөр хууль бүр өөр шүү дээ. Нэг хүн өөрийнхөө болон ах, дүү нарынхаа нэр дээр маш олон газар авчихдаг. Ийм жишээ маш олон. Тэгвэл шинэ хуулиар бүр тодорхой заагаад өгчихнө. Нэг хүн нэг л газрыг үнэгүй авна. Илүү авах бол үнэтэй авах юм. Түүнээс биш тэнд ч очиж нэгийг аваад, энд ч ирж нэмж өмчлөөд байх боломж байхгүй. Нэгдсэн нэг системд орж байгаагийн ач холбогдол энэ. Нэг удаа газраа үнэгүй өмчилж авчихаад, дараагийн удаад мөнгөө төлнө. Хэдэн төгрөг төлөөд, хэчнээн газар авах нь тэр хүний асуудал.

Үнэгүй авах газрын хэмжээг маш тодорхой зааж өгсөн. Нийслэлд 0.07 га буюу 700 метр квадрат газар. Аймгийн төвд 3500, сумын төвд 5000 метр квадрат гээд томроод явчихна. Энэ газрынхаа дэргэд хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар 1000 метр квадрат газар бас үнэгүй авч болно. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийг дэмжээд мод үржүүлгэ, ойжуулах зориулалтаар иргэд газар авах хүсэлт гаргавал 5 га хүртэлх газрыг үнэгүй өгөх шинэ зохицуулалтыг хуульд тусгасан.

-Шинэ хууль хэрэгжээд эхлэхээр өөртөө олон газар давхардуулаад авчихсан хүмүүст үйлчлэх үү. Олон газрынх нь эрхийг цуцлах асуудлыг хөндөж тавих уу?

-Хууль буцаж үйлчлэхгүй. Тэр хүмүүс нэгэнт газар авчихсан. Харин газрын төлбөрийнх нь хувь хэмжээнд зохицуулалт хийнэ. Иргэний нэр дээр үнэгүй авах ёстой талбайгаас илүү газар байвал нэмэлт төлбөр төлөх  гэх мэт шинэ зохицуулалт орж ирнэ. Бүх асуудлыг нэг хуульд багтааж шийдэх арга байхгүй. Зарим зүйлийг журмаар зохицуулна. Энэ журмыг нь Засгийн газар, тэрийг нь сайд, нөгөөг нь Сангийн яам батална гэх мэтээр хуульдаа заагаад өгчихсөн байгаа. Хэрвээ тухайн иргэн 5 газартай бол дөрөвт нь төлбөр төлнө гэх мэт журмын зохицуулалт орж ирнэ. Ингээд зохицуулахаар иргэн олон газар аваад, төлбөр төлөөд яваад байх уу, үгүй юу гээд асуудал байна.

-Төлбөрийн хуулийн заалтаас  нэг зүйлийг лавлаж асуухгүй бол болохгүй нь. Газраа өмчлөөд авчихсан хүн зуслангийн хаус худалдаж авсан гэж бодъё. Тэр тохиолдолд газрын төлбөр төлөх үү?

-Хуульдаа бол гэр бүлийн  зориулалтаар нэг удаа газар өмчилж авахад төлбөр төлөхгүй гээд зааж өгнө. Харин таны асуугаад байгаа зохицуулалтуудыг журмаар нарийн зохицуулна. Журамд хоёр дахь газраас ямар хэмжээний төлбөр авах вэ гэдгийг тусгана. Хуулийг дагалдаад 60 гаруй журам гарна. Боловсруулаад явж байгаа.