ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Жолоогоо алдсан хулхи төр

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-24

Өндөр дээд албан тушаалын сэнтийд биднийхээ сонголтоор суучихаад, хэлсэн үг, хийсэн үйлдэл болгоноороо хуурч суудаг хүмүүсийг нийтэд нь төр гэж хэлээд байгаа юм. “Төрийн нэр хүнд уналаа” гэж хулхи нөхдүүд ам уралдан ярьдаг болсон. Үнэндээ төрийн нэр хүнд биш тэднийх л унасан хэрэг. Манай төрийнхөн эхэндээ бага сагахан худлаа ярьж, хулхин дээр цэцэг ургуулах зэвсгийн эрдэмд суралцаж байсан. Өнөө цагт олон жил сурсан эрдэмдээ хэт боловсроод, хэнийг ч, юуг ч хулхидаад сурчихсан. Тэр дундаа одоогийн эрх баригчид, Засгийн газар ард иргэдээ хоёр, гурван жил хуурлаа.  Ядаж байхад ОУВС гэдэг байгууллагад улсынхаа “жолоо”-г барих эрхийн талыг нь өгчихсөн бололтой юм. Засгийн газар ард иргэдийн амьдралд нөлөөлөхүйц мөнгө санхүүтэй холбоотой шийдвэр гаргах болохоороо л хамгийн түрүүнд “ОУВС-тай зөвлөлдөнө, асууна, зөвшөөрлийг нь авна” гэдэг болсон. 

Худал хэлсэн хүнд сайд болгоны амнаас ийм үг гардаг боллоо.  МАН 2016 оны сонгуульд оролцохдоо цалин нэмнэ, татвар нэмэхгүй гэх мэт том ам­лал­тыг өгсөн.  Гэтэл үнэм­лэ­хүй ялалт бай­гуулс­­ныхаа дараа л амлалтаа умар­таж, бид­ний­хээ хул­хин дээр цэцэг ур­гуулж сурсан гэд­гээ харуулсан юм. Юун цалин нэ­мэх.  Өч төчнөөн тат­вар нэмчихсэн. Төрийн эрхийг хамтран барил­цаж байгаа ОУВС цалин битгий нэм, татвараа өсгө гэдэг зөвлөгөө өгсөн гэж хэлээд л гүйцээ.  Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэж амласан байсан, тэд. Гэвч өгөөгүй. Түүнийгээ бас л ОУВС битгий өг гэж зөвлөсөн хэмээн тайлбарлаж байлаа. Эрх баригчид, Засгийн газар ард түмний халаасыг ухаж болох бүхий л аргаар ухаж байна. Харин цалин мөнгө, орлогыг нь огт нэмээгүй.  Энэ бүхнийг ОУВС-гийн зөвлөгөөгөөр хийсэн хэмээн бухсан.  Гэвч эцэстээ тэд үнэнд гүйцэгдэж, иргэдээ хулхидаад зогсохгүй ОУВС-гийнхныг хуурч байсан нь илэрсэн юм. Нэг л өдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч хурал хийж, “Бид тийм татвар нэм, ингэж мөнгөө зарцуул. Цалин битгий нэм, хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд битгий өг гэж хэлээгүй. Бид төсвийн орлогоо нэм, зарлагаа хас гэж зөвлөсөн” гээд үнэн мөнийг тасхийтэл хэлчихсэн.  

Бүр нэг удаа ч биш, нэлээд хэд хурал хийхдээ ямар зөвлөгөө өгснөө хэлсэн шүү. Гэтэл манай төр засгийнхан “ОУВС-гийн заавраар бид татвар нэмсэн” хэмээн ярьж байгаа нь биднийг ч, тэднийг ч хулхидаж байгаа хэрэг биш үү. Хамгийн ичмээр нь ОУВС-гийн суурин төлөөлөгч нь “Бид зүгээр л зардлаа тана, орлогоо нэм гэж зөвлөсөн” гээд дахин дахин хэлээд байхад л одоо болтол манай дарга нар худлаа яриад л байна. ОУВС-гийн заавраар, зөвлөгөөгөөр тэглээ, ингэлээ гээд л яриад байх.  Тэд яах аргагүй Монголоосоо гарч худлаа ярьдаг болж. Төрийн албан хаагчдын цалинг бага ч болов нэмэх талаар сонгуулиас хойш ярьж байна.  Хууртагдсаар хаширсан багш, эмч, төрийн үйлчилгээний ажилтнууд ажил хаяж, жагсч, тэмцсээр байгаа. Одоо болтол тэмцэл зогсоогүй. Ирэх сарын 3-ны өдрөөс багш нар ажил хаяна гэдгээ мэдэгдчихлээ.  Манай Засгийн газар төрийн жолоог хамт барилцаж буй ОУВС-гийнхнаасаа зөвшөөрөл авч, цалингаа 8-30 хувиар нэмэхээр болсон гэдгээ саяхан мэдэгдэв. Бас ирэх оны эхний өдрөөс цалингийн доод хэмжээгээ ч нэмж болох зөвшөөрлийг авсан юм гэсэн.  Харамсалтай нь цалингийн нэмэгдэл нэрээр өгөх гэж байгаа “дусал”-д нь хууртагдахгүй гэдгээ багш, эмч, төрийн албан хаагчид хэлчихлээ.  

Одоо чухам яаж хулхидах тактикийг хэрэгжүүлэх юм, төр.  Угтаа төсвийн орлогоо нэмж, зарлагаа танана гэдэг бол сайд, дарга нар хэт тансаглахгүй, найрлаж наадамлахгүй байхыг хэлнэ гэж мунхаглан бодоод байна. Шар толгойтууд ч тиймэрхүү утгаар нь зөвлөсөн болов уу, өөрсдийнх нь хэлээд байгаагаар бол. Харин манай дарга нар буруу ойлгочихсон бололтой. Төсвийн орлогоо татвараа тултал нэмж байж сайжрууллаа.  Одоо цалингийн доод хэмжээ нэмэх нэрийдлээр татварын орлогоо өсгөхөөр зэхэж байна.  Элдэв торгуулиас орж ирэх орлогоос авахуулаад нийгмийн даатгалын санд хуримтлагдах мөнгө нэмэгдэнэ.  Тун сэргэлэн аргаар иргэдээ хулхидаж байна аа гэсэн үг. Давхар төсвийн орлог нэмэх даалгавараа биелүүлчихлээ. Харин зарлагаа тана гэдэг зөвлөмжийг нь цалингаа битгий нэм, хүүхдийн мөнгө өгөхөө боль, түүний оронд өөрсдийн гэсэн халамжийн тогтолцоо бодож ол гээд ойлгочихсон.

Бүсээ чангалах ёстой Засгийн газрын сайд нь ганц, хоёрхон жил унасан шинэ машинаа голж, хэдэн зуун саяар өөрийг авч байх жишээтэй. Тэд зарлагаа хасах гэдгийг ард түмнийхээ чивчиртэл чангалсан бүсийг дахин чангааж, ууц нурууг нь хугалах гэж ойлгосон нь сонин. Магадгүй хэд хоногийн дараа “ОУВС-гийнхантай бид зөвлөлдсөн. Цалингаа хамгийн дээд тал нь 30 хувиар л нэм гэсэн. Бидэнд өөр арга алга. Тийм байтал багш нар ойлгохгүй ажил хаях гэлээ” хэмээн яриад сууж байж магадгүй л байх.  Цаадуул чинь удаа дараа “Бид зүгээр л зөвлөсөн. Цалингаа, татвараа яаж нэмэх нь танай Засгийн газрын мэдэх хэрэг” гэж хэлсэн шүү дээ. Нэг л юм болохоор “Бид ОУВС-гаас асууя. Тэдэнтэй зөвлөлдөж байж цалингаа нэмэхээр боллоо. Тэд зөвшөөрөл өгнө” гэж худлаа ярихаа болиоч.  Эдийн засаг өсөөд, үүр цүүр нь цайгаад, сэхээний тасгаас босч гарч гүйгээд, энгийн тасагт хэвтсэн гээ биз дээ. Тэгэхээр цалингаа хэл амгүй, сайн нэмчихэж болохгүй юм уу. Тэгээд төрийн жолоогоо хамтарч барьж байгаа ОУВС-гийнхнаа үргэлж хулхидаж, муу бүхнээ тэдэн рүү чихэж байж тангаруулах вий дээ, эрх баригчид минь.