ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Засгийн газар, эрх баригчид шинэ Үндсэн хууль бичих захиалга өгөөгүй

O.Admin
2023-01-25

Шинэ Үндсэн хууль батлахаар төлөвлөж буй гэх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар мэдээлэл хийлээ. Тэрээр “Шинээр Үндсэн хууль батлагдах гэж байгаа мэт ойлгох нь өрөөсгөл. Өчигдрөөс эхлэн Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулахад бэлэн болсон гэх мэдээлэл олон нийтийн сувгаар нэлээд түгэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрчлөлтийн асуудал яригдах бүрт Үндсэн хуулийг шинээр хийх ёстой эсвэл, өөрчлөлт хийх ёстой гэдгийг Монголын ард түмэн олон түвшинд илэрхийлдэг. Ялангуяа Ардын их хурлын депутатаар ажиллаж, ардчилсан Үндсэн хуулийг баталсан, ахмадуудын зүгээс тухайн үеийн хоёр танхимтай парламенттай болох ёстой гэх асуудлыг хөнддөг. 

 Засгийн газар, эрх баригчдаас шинээр Үндсэн хууль бичих захиалга өгөөгүй. Харин Үндсэн хууль судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, судалгаагаа танилцуулахыг хүссэн. Бид өөрсдийн бодлого, хүслийн үүднээс аливаа асуудалд хандахгүй. Олон нийтийн санаа бодол ямар түвшинд байгааг харгалзан үзнэ. Бусад улстөрийн намууд ч Үндсэн хуулийн нөхцөл байдал, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудал дээр өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Энэ бүх санал, санаачилгыг тусгаад, шийдвэрлээд явах үүрэг эрх баригчдад бий.

Шинэ Үндсэн хууль батлахаар болбол ард нийтийн санал асуулга явуулах зарчим нь бий. Магадгүй шинээр бичих шаардлагатай гэж ард түмэн үзвэл шинээр хууль бичиж, батлагдтал 2-3 жил орно. Тиймээс Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт хийх нь зүйтэй гэж МАН үзэж байгаа" гэлээ.