ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Батцэцэг: Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж ирсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-01-30

Гадаад харилцааны Б.Батцэцэг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Дэлхийн II дайнаас хойш Европ тивд гарсан зэвсэгт мөргөлдөөн өнгөрсөн онд гарлаа. Олон эмх замбараагүй байдал, олон туйлт дэглэм алдагдлаа. Ийм нэр томъёо ч гарсан. Их гүрнүүдийн аль нэг талын байр суурийг баримтлах, шууд болон шууд бусаар дарамтлах бодлого хөгжиж буй орнуудад ажиглагдсан. Цаашид ч ийм хандлага үргэлжлэх нь ээ.

Олон улсын харилцаа бүхэлдээ амаргүй, олон сорилттой нөхцөл байдал үүслээ. Харин Гадаад харилцааны яамны хувьд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Тэнцвэртэй хамтын ажиллагаа бол гадаад бодлогын амин сүнс. Тухайлбал, хоёр хөрш болон гуравдагч орон, олон улсын байгууллагатай тэнцвэртэй харилцсан. Байр сууриа хадгалж ажиллаж чадсан. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширсан энэ цаг үед зөв бодлого хэрэгжүүлж, чадсан.

2020 онд Монгол Улсын гадаад харилцаа амжилттай ажилласан. Үүний хүрээнд  2022 онд өдөр дээд хэмжээний арав гаруй айлчлалыг хийлээ. Цаашид Тогтвортой хөгжил -2030 он, Алсын хараа-2050, 2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг цахим Монгол болгох, төрийн бүх үйлчилгээг нэвтрүүлж, дижитал үндэстэн болох гэх бодлогод илүү анхаарч ажиллана. Хоёр хөрш орнуудтайгаа хамтын ажиллагааны хувьд нэлээд ахиц гарсан.

Тэр дундаа БНХАУ-тай худалдааны үйлчилгээ чиглэлийг ойрын таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэж ажиллахаар зорьж байна. Гашуунсухайт, Ханги-Мандал, Зам-Үүд, Ганцмод зэрэг боомтуудын дэд бүтцийг сайжруулах, төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийлээ.

Боомтын хөгжлийг сайжруулахад нэлээд анхаарлаа. Тиймээс Боомт хариуцсан тусгайлсан сайдтай боллоо” хэмээн мэдэгдлээ. Мөн "Өндөр хөгжилтэй орнуудад Монгол иргэдийг визгүй зорчуулах яриа хэлэлцлийг байнга явуулдаг. БНСУ-тай визийн хөнгөлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байна. Удахгүй  Ерөнхий сайдыг айлчлах үеэр иргэдийг тус улсад ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэлээ хангаад байна. 

Эмчилгээний зорилгоор зорчиж буй иргэдийг визгүй зорчуулах,  нөхцлийг хөнгөвчлөх талаар ярилцна. Түүнчлэн олон удаа зорчсон иргэдийг хөнгөлөлттэй зорчуулах гэсэн саналыг олон жил тавьж байгаа" гэв.