ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Жорж Чен уучлалт гуйхгүй бол шүүхэд өгнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-02-01

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

-Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Transparency international"-ийн  хуралд оролцсон боловч, харамсалтай нь нэг хоночихоод ирсэн. Гэхдээ миний бие сүүлийн жилүүдэд Transparency international"-тэй нягт, уялдаа холбоотой ажиллаж байгаа.Тухайн үед Монгол Улс авлигын индексээр зургаан байр ухарсан. Бидэнд хоёр ажил хийхийг даалгасан. Тухайлбал, улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал, нөгөө нь төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах үүрэг өгсөн. Бид ийм гэрийн даалгавартай байна. Мөн олон нийтийн хяналтыг сайжруулах үүднээс шүгэл үлээгчийн хуулиа өргөн барьсан байгаа. Энэ бол бидний ойрын хугацаанд хийх гэрийн даалгавар байгаа юм. Гэрийн даалгавраа биелүүлснээр дараагийн үнэлгээ арай өөр гарах байх. Гэвч "Transparency international" субъектив дүгнэлтийг хийж байна гэж миний хувьд болгоомжилдог. Манай улс "Rule of law" индексээр дундад азийн орнууд орсон байгаа юм.

Тэгэхээр Орос, Украйны асуудалд дундын байр суурь илэрхийлсэн нь, илүүтэй нөлөөлсөн юм шиг санагдсан. Энэ байр сууриа ч илэрхийлсэн. Түүнчлэн Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэдэг албан бичгийг Фэйсбүүк компани руу ирэх Даваа гарагт явуулна. Надтай уулзсан, уулзахдаа хуулийн орчуулгаа өгсөн. Хамтарч ажиллая гээд арваннэгдүгээр сард хуулийн болон техникийн ажлын хэсгээ ирүүлнэ гэж мэдэгдсэн.

Тэгсэн хэрнээ гэнэт "It is not true" гээд хамгийн худалч хүн гэж намайг хэлж байх шиг байна лээ. Уулзсан ярианых нь протокол хоёр цаг 30 минутын аудио бичлэг бий. Энэ бол хувь хүндээ биш. Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл. МЕТА  компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Оролцохын дээдээр оролцлоо. АНУ-ын зүгээс шахалт, дарамт үзүүлнэ гэдэг мэйл явуулсан. Жорж Чен гэдэг хүнийг ажлаас нь хал, хоёрдугаарт надаас уучлалт гуй гэдэг бичгийг явуулна.

Түүнчлэн Нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг барьж, хорьсон асуудал яригдсан байна. Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагуудыг мэдээлэл хий гэж хэллээ. Миний хувьд ч тодорхой мэдээлэл авсан.

Өөрөөр хэлбэл, сэтгүүлч С.Анхбаяр нь саун массажны газар орж, бичлэг хийж, охид, эмэгтэйчүүдийг айлган, сүрдүүлж, мөнгө нэхсэн  гэдэг  мэдээлэл авсан. Хэрэв мөнгө өгөхгүй бол биеэ үнэлэгч гэж зарлана гэсэн мэдээлэл байна. Тиймээс хүний эрх, эрх чөлөөнд халдмааргүй байна. Энэ мэт үйлдэл гаргахгүй баймаар байна.

Аливаа зүйл товч тодорхой байх ёстой. Өмнө нь энэ сэтгүүлч дээрх үйлдлээр мөнгө авсан нь тогтоогдсон.