ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: Виртуал мөнгөтэй холбоотой 468 гэмт хэрэг бүртгэгдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-02-01

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр койнд хохирсон иргэд болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй койнуудын талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын албаны эх сурвалж хэлэхдээ “Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар СЗХ-ноос өгсөн мэдээллээр зах зээл дээр 12 криптовалют байна. Бид нэмэлт судалгаа хийж үзэхэд өнөөдрийн байдлаар 37 койн арилжаалагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд энэ салбарт хамгийн чухал оролцоотой этгээдүүд крипто биржүүд гэж үзээд тус биржүүдийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзалт хийлээ. Өөрөөр хэлбэл, иргэдэд койн, токен санал болгож байгаа этгээдүүд санхүүгийн гэмт хэрэг үйлдээгүй байх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдоогүй байх, мөн санхүүгийн чадавхтай байх ёстой, ийм этгээдүүдэд боломж олговол биржүүд хариуцлага хүлээх учраас үүнд анхаараач гэдэг шаардлага тавьсан.

Цагдаагийн байгууллагад зах зээлийн зарчмаар, хуулийн хүрээнд ажиллаж байгаа хэн нэгнийг шалгадаг эрхзүйн орчин байхгүй ээ. Тиймээс бүгдийг нь шалгахгүй. Гэхдээ илт залилангийн шинжтэй, босгосон хөрөнгөөрөө хувьдаа байр машин авчихсан, мэдээлэлд давуу байдлаа ашигласан этгээдүүдийг шалгана аа. Энэ төрлийн гэмт хэргийг шалгахад айти, санхүүгийн мэргэжилтнүүд хэрэгтэй учраас холбогдох байгууллагуудтай хамтраад явж байна.

Виртуал мөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн. Койноо бусдад алдсан, эсвэл нууц үгээ алдаж койноо залилуулсан, гадагшаа алдсан хэргүүдийг бүртгэлээ. 2020 онд 9, 2021 онд 89, 2022 370, энэ жилийн нэгдүгээр сард 8 хэрэг бүртгэлээ. Койнтокен бусдад санал болгосон дөрвөн хэрэг л байгаа. 430 хэрэг ч нууц кодоо алдсан, койноо бусдад шилжүүлсэн хэрэг бий. Хохирлын хэмжээ одоогоор тоон дүнгээр гараагүй” гэлээ.

Өнөөдөр гэхэд Хан-Уул дүүргийн шүүхээр Монгол Улсын 25 иргэнийг залилж 300 сая төгрөгийн хохирол учруулсан этгээд мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэргээр долоон жилийн ял авчээ.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Дэд хурандаа С.Тайван хэлэхдээ “Сүүлийн долоо хоногт манай хэлтэст 12 гомдол мэдээлэл ирлээ. Криптовалют буюу цахим хэтэвчнээс мөнгөө алдсан хэргүүд. Иргэд хортой холбоос буюу тухайн койн урамшуулал зарлалаа, та орж мэдээллээ бүртгүүлээд урамшуулал аваарай гэдэг холбоос руу дарж орсноос алдаж байна. Криптовалютын биржийн программ хангамжийн аюулгүй байдлын асуудал мөн яригдаж байгаа” гэв.

Харин Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан хэлэхдээ “ЦЕГ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байсан. 2021 оноос цагдаагийн байгууллагын хэмжээнд дотооддоо ажлын хэсэг гаргасан. Мөн холбогдох байгууллагуудтай хамтраад судалгаа мэдээлэл боловсруулж ажилласан. Энэ салбарыг ашиглаад гадны терроризмыг санхүүжүүлэх, өндөр түвшний мөнгө угаалт зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон.  

Мөн сүүлийн үед "FT group"-тэй холбоотой мэдээлэл их ирж байгаа. Нэгдүгээр сарын 26-наас эхлээд 226 иргэнээс хохирогч, гэрчийн мэдүүлэг аваад, ажлын хэсэг байгуулаад явлаа. Онлайн худалдаанд хөрөнгө оруулах иргэд 650 мянгаас 150 сая хүртэлх мөнгө хийсэн. Гэтэл долоо хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 25-наас апплэйкшнээ устгаад ямар ч мэдээлэлгүй болгосныг мөн онцлов.