ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ӨӨР ӨНЦӨГ: Гадны компани Монгол Улсын дотоод асуудал руу өнгийх ёсгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-02-01

Тусгаар тогтносон, эрх зүйт төртэй ардчилсан Монгол Улсын дотоод асуудалд захын нэг сошиал апп хөгжүүлэгч компаний "хурган" дарга нөлөөлдөг жишиг тогтох вий дээ. Жиргээ, твиттер дээр эгээ л манай улсын дотоод асуудлыг шийдэж байгаа аятай том, том жиргээ хийж байна, тэд. Ингэж адрах шалтгаан бий. 

Цаашлаад гадны Элчин сайд нар хүртэл энэ улсыг төрөө хэрхэн удирдаж, түмнээ яаж захирахыг заадаг болно гэдэг нээх их алгаа хорстол ташиж дэмжих зүйл биш. Муу ч сайн ч бид тусгаар улс. Өөрсдийн гэсэн дүрэм, журам, хуультай. Удирдуулдаг төр засаг, өөрсдийн сонгосон 76 төлөөлөлтэй.

Дэлхийн хаана ч үйлчлэх бидний нэрийн хуудас зөвхөн энэ. Хаяад явсан ч тосоод үлдэх эх оронтой, бид. Бидний хөгжилтэй, хөгжилгүй бас тэр байтугай жагсах цуглах, ямар хууль баталж, хэн хориг тавьж, эгүүлэн татах вэ гэдэг нь ч Монгол Улсын дотоод асуудал. Цахим компанийн нэг төлөөлөл зааж зааварладаг, юу батлах батлахгүйг зааж сууна гэдэг арай хэтэрсэн зүйл учраас өнөөдөр Хуульзүйн сайд Х.Нямбаатарын хийсэн мэдэгдлийг хувьдаа зөв хэмээн дэмжиж суугаа юм. Ардчилсан нийгэмд шилжсэн 30 гаруй жилийн хугацаанд бүхий л төр засгийн үед гадны байгууллага, компанийн төлөөлөлтэй хийсэн хамтын ажиллагаа, харилцааг тоолоод баршгүй биз.

Бүхий л салбарт гадны хөрөнгө оруулагч, төлөөлөгчид байдаг. Тэд бүгд Монгол Улсын хуульд захирагдан ажиллаж, зохих ёсны хариуцлага хүлээж бас үүргээ биелүүлээд явж байгаа. Тэдний хэн нь ч Монгол Улсын дотоод асуудалд оролцож, салбар яамдыг ажлаа ингэж хий, тийм хуулийн төсөл бич, тэрийгээ зас гэж  үсчээд гүйхгүй л байх.

Гэтэл “МЕТА” компаний Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чен бүхэл бүтэн тусгаар улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцоод зогсохгүй, ХЗДХЯ руу дайрах, сүрдүүлэх нэр төрд халдаж байгаа нь зүйд нийцэхгүй асуудал гэж сэтгэнэм. НҮБ зэрэг олон улсын байгууллага сануулга, албан бичиг илгээсэн бол өөр хэрэг. НҮБ-ын төлөөлөгч байр сууриа илэрхийлсэн бол ойлгож болох. Гэтэл сошиал орчноос ашиг олдог апп хөгжүүлэгч жижигхэн л компани шүү дээ. Бид л тэднийг хэтрүүлж шүтдэг болохоос. Олон улсыг төлөөлөх ямар ч эрхзүйгүй, эрх мэдэлгүй гэсэн үг.

Үүнийг монголчуудын зарим нь хөөргөж, дэвэргээд байх шиг. Үгүй шүү, монголчууд аа. Зүгээр нэг гадны байгууллагын төлөөлөл Монголын дотоод асуудалд хөндлөнгөөс орж, цахим хуудсаар элдэвлээд сууна гэдэг доромжлол юм. Дан ганц Х.Нямбаатар сайдын асуудал ч биш. Дараа өөр хэн нэгнийг ч ингээд элдэвлээд, сүрдүүлээд, доромжлоод байж болдог юм байна гэдэг муу жишиг тогтоно. Монгол Улс өөрөө жижигхэн харагдаж, шоглож болно гэж тэд ойлгож байна. 

"Москва найтаахад Монгол ханиад хүрнэ" гэгчээр АНУ-ын нэг сошиал сүлжээний компанийн төлөөлөл Монголын хууль тогтоомж, Хуульзүйн яам, төрийн сайдыг доромжлох хүртэл төрийн нэр хүндээ, улсын нэр хүндээ барчихаагүй байлгүй дээ. Гадаад харилцаа хамтын ажиллагаа чухал доромжлолд бас хязгаар бий гэдгийг гадна, дотны хэнбугайд ч сануулах нь зөв. Бид өөрсдийгөө  хамгаалахгүй бол, тусгаар улс, тусдаа хуультай дүрэмтэй гэдгээ мэдрүүлэхгүй бол өөр хэн хамгаалах юм бэ.

Орос уу, Хятад уу. Та бүхний тахиж шүтээд буй АНУ юу. Эд бүгдийн хэн нь ч биш. Бид л зөвхөн тусгаар улсын хуулиараа, тусгаар улсын зарчмаараа асуудалд хандана. Энэ бол хаях аль эсвэл орхих асуудал огт биш ээ.

Х.Нямбаатар сайд мэдэгдэлдээ “Тусгаар улсын яамыг олон нийтийн хэрэгслээр илтэд гүтгэсэн. Иймээс нэр төрд нь халдсан үйлдэлдээ уучлал гуйх ёстой. МЕТА компани тусгаар улсын дотоод хэрэгт оролцох ёсгүй. Манай зарим албан хаагч руу дарамталсан и-мэйл явуулж, хоригт оруулна гэж бичсэн. Энэхүү үйлдэлдээ уучлалт гуйхгүй бол шүүхэд өгнө” хэмээжээ. Баталсан хууль нь баба байсан ч Монголын төр өөрөө жижигхэн компани, гадны гэсэн хэн бүхний өмнө бөхийгөөд байж болохгүй учраас зөв шийдвэр гэж дэмжээд байгаа юм.