ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Энхбаяр: Тухайн үед Ж.Эрдэнэбат хаалттай байдлаар сонсох санал тавьсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-02-06

УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хоёр дахь сонсгол эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Миний хувьд 2016 оноос  ХЗДХ-ийн дэд сайдаар ажилласан. Хөгжлийн банканд хийх шалгалтын ажлын хэсгийг ахалсан. Шалгалтыг 21 хоногт багтаан хийх үүргийг Засгийн газраас өгсөн. Бид тухайн үед  гурван удаа шалгалтын дүнг хаалттай байдлаар танилцуулсан байдаг. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан  Ж.Эрдэнэбат хаалттай байдлаар сонсох санал тавьж байсан.

Засгийн газрын хоёр сайд болох Б.Чойжилсүрэн, Б.Жавхлан АНУ-д ОУВС-ийн удирдлагуудтай хэлэлцээ хийж байсан үетэй таарсан. Манай улсын санхүү, эдийн засаг маш хүнд байдалд байсан үе шүү дээ. ХЗДХЯ-ны цахим хуудсанд 45 хуудас бүхий материалыг  байршуулсан юм. Хөгжлийн банкинд  1.3 их наяд төгрөгийн алдагдал байгааг илрүүлсэн. Засгийн газар хаалттай хэлэлцсэн тул нууцын тамга дарж, олон нийтэд мэдээлэх боломжгүй байсан.  

Тэгвэл улсын нууц задруулсан хэрэгтэн болно. Энэ хэрэгт 1-5 жилийн ял өгдөг шүү дээ. Тиймээс  Засгийн газрын хуралдаанд дахин оруулахад шалгалтыг үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Түүнчлэн маш их үргүй зардал гарсан байсан. Хэвлэл мэдээлэл, бичиг хэрэг гэх мэт маш их зардлууд гарсан байсан. Зөвхөн Эгийн голын усан цахилгаан станцын төслийнхний цалин гэхэд их хэмжээний мөнгө үрсэн байсан юм. 

ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн:  -Нөхцөл байдал хүнд байсан. Гадныханд буруу зөрүү мэдээллээс болоод, нууцлах санал гаргаж байсан. Тиймээс ОУВС-гийн төсөлд хамрагдсан. Нээлттэй байдлаар ярьмаар байна. Хэт их улстөржилт явах байх. Нийтдээ 5.6 их наяд төгрөгийн өрийг барагдуулсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:-Хөгжлийн банкны тусдаа эх үүсвэрээр шийдэх асуудал. Ийм байдлаар явах юм бол банк дампуурах ёстой шүү дээ.

ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн: - Б.Энхбаяр бол санхүүгийн хүн биш. Харин хуульч хүн. Тухайн үед нуусан асуудал биш юм. ЗГХЭГ-аас гаргасан ажлын хэсэг гарч байсан. Тэр үед Хөгжлийн банкны эх үүсвэр хүрэхгүй байсан. Хэрвээ ийм арга хэмжээ аваагүй бол Хөгжлийн банк дампуурах байсан. Иймээс Сангийн сайд гарын үсэг зурсан шүү дээ. 560 сая төгрөгийн евро бондын өрийг төлөхөөс өөр аргагүй байсан. Бодит байдлаас хэтэрхий их төсөөлөлттэй буруу мэдээлэл гарахаас сэргийлж, нууцалсан байх.