ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Аюурсайхан ХНХ-ын сайд болон УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-02-07

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан Ерөнхий сайд болон УИХ-ын даргад сайдаас болон УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр, УИХ-ын тухай хуулийн 10.1 дэх хэсгийн 10.1.2 дахь хэсгийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, хууль шүүхийн өмнө үнэн мөнөөр шүүлгэх хүсэлтэй байна хэмээжээ.

Тэрбээр, хүсэлтдээ “УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг нүүрсний хэрэгт холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэж миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах боллоо. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэ дайралт хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой, бусдын зохион байгуулалттай явуулга гэж үзэхээс аргагүй байна. УИХ-ын гишүүнээс гадна Засгийн газрын нэр хүндэд халдах ч эрсдэлтэй учраас сайдын үүргээс мөн татгалзаж байна” хэмээжээ.