ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ намынхаа хатавчинд, танхимынхаа буланд хулгайч нараа нуусангүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-02-07

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүд ар араасаа өргөдлөө өгч гэм буруугүйгээ тогтоолгох хүсэлт гаргаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нар хоёулаа нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон.

Тэр тусмаа Т.Аюурсайханы туслах, зөвлөх байсан олон залуус “Эрдэнэс Тавантолгой”-н өмнөх удирдлагуудтай хамт хоригдож буй. Тус компанид үүсгэсэн төрөл садны сүлжээ нь ч ил болсон учраас ажлаа өгөх нь нэр төрөө хамгаалах эцсийн арга гэдгийг ойлгож, ХНХ-ын сайдаас болон УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг олон хүн Т.Аюурсайханыг танхимдаа хамгаалаад үлдэх нь, тэр нүүрсчидтэй тэмцэнэ гэж хэлсэн ч танхимдаа суулгаж, түүнийг хамгааллаа гэж хардаж байсан. Гэсэн ч тийм зүйл болсонгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд анх ажлаа авахдаа л “Авлигатай тэмцэхийн тулд намынхантайгаа, найз нартайгаа, хамтран зүтгэгчидтэйгээ тулалдах хэрэг гарна. Олон ч дайсантай болно. Гэхдээ авлига, хулгайн асуудлаар ард түмнийхээ талд гарч зогсох нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг юм” хэмээн мэдэгдэж байлаа.

Тэр ч хэлсэн амандаа хүрч намынхаа хатавчинд, эсвэл танхимынхаа буланд авлигачдыг хамгаалж үлдэхгүй гэж шийджээ. "Ерөнхий сайдын нүүрсний хулгайчидтай хийх тэмцэл саарчихлаа, хэлсэн амандаа хүрсэнгүй, нүүрсний хулгайн хэргийг мартлаа" гэж байсан ч тийм биш харин ч илүү их эрчимчиж буйг ар араасаа АТГ-ын зарлаж буй нэрс, баримт нотолгоо, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж буй гишүүдийн дуулиан нотолж өгөв. Нүүрсний хулгайн хэрэг одоо л жинхэнэ утгаараа эрчимжиж эхлэх нь ээ. Хулгайчид парламентад, цаашлаад намдаа ч багтах шингэх газаргүй болсон учраас ийнхүү хүсэлтээ өглөө. Магадгүй хил давж зугтахыг санаархаж байж мэдэх учраас хууль шүүхийнхэн одоо л шуурхай ажиллах хэрэгтэй. Тэднийг бүрэн эрхээсээ түдгэлзэж, Ч.Сайханбилэг шиг хил давж зугтахаас нь өмнө барьж хориод бүх хулгай луйврыг нь илчилье. Хэрвээ гэм буруугүй бол шалгуулаад л гараад ирэх учраас түүнд санаа зовох хэрэг үгүй юм.

АН-ын нүүрсчид хэзээ шалгуулах вэ

Ардын намын дарга нам доторх авлигачдаа цэгцэлж, тэднийг гарах гарцгүй болтол буланд шахаж байна. Одоо харин АН-д буй авлигачдыг хэрхэн сугалж гаргах вэ. Орон нутгийн жижиг Тавантолгойг хувааж хүртсэн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг суудлаас нь буулгаж, шүүхийн өмнө дуудмаар байна.

Нүүрсний хулгайн мөнгөөрөө Өмнөговийг худалдаад авчихсан “Ажнай” Б.Бат-Эрдэний өргөдлийг өгүүлэх, эсвэл Прокурорын хүсэлтээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгамаар байна. Нүүрс тээврийн машинаар авлигын сүлжээ цэцэглүүлж, тэр мөнгөөрөө Баянхонгорын ард түмний саналыг худалдаж авсан А.Адъяасүрэнг шүүхийн өмнө дуудмаар байна.

Энэ бүхнийг тамгатай, тамгагүй намын дарга нар нь хийж чадахгүйгээс хойш бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтээ хууль шүүхийн байгууллага УИХ-д яаралтай өгч шийдүүлье. Ардын намд одоо ч үлдчихээд байгаа Ш.Раднаасэд, Ц.Анандбазарыгаа мөн шалгая. Ингэж байж л шударга ёс тогтох учиртай. Нүүрс болон Хөгжлийн банкны хулгайн хэрэгт холбогдсон, АТГ-аас өнөө маргаашгүй нэрийг нь зарлах гишүүд ч Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар шиг бүрэн эрхээсээ татгалзаад, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэсэн бамбайгүйгээр шүүхийн өмнө очих нь нэр төрөө сэргээлгэх, дараагийн сонгуульд нүүр бардам оролцох эцсийн арга ч байж мэднэ шүү.

Бүрэн эрхээсээ татгалзсан наймдахь тохиолдол 

Одоогоор УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж хүсэлтийг нь хүлээж авах эцсийн шийд гаргаагүй ч Архангайн тойргоос сонгогдсон Ж.Мөнхбат ар гэрийн асуудал буюу ээжийгээ эмчлүүлэх шалтгаан хэлж чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ. Харин УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан хүсэлтдээ “"Хүндэтгэх шалтгаан" гэж тодотгоод гэм буруугүй гэдгээ бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулах, улмаар нүүрсний хэрэгт гүтгэсэн үнэн мөнийг олно” хэмээв. 1990 оноос хойш парламентын түүхэнд энэ нь наймдах тохиолдол болж байна.

Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн асан, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхнэрээ асрах гэсэн шалтгаанаар чөлөөлөгдөж, Австрали руу явж байсан. Дараа нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөгжлийн банкны зээлээс үүдэн бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлт гаргасан ч УИХ хүлээж аваагүй.  УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг мөн хүлээж авахаас татгалзаж байсан бол хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга, ЖДҮХС-гийн хууль бус зээлийн асуудлаар Н.Номтойбаяр нарын хүсэлтийг УИХ хүлээн авч байжээ.

Хотын дарга Д.Сумъяабазар Хотын даргын суудлын төлөө гишүүнээс түдгэлзэж байлаа. Тэгвэл хамгийн сүүлийн хоёр тохиолдлыг УИХ хүлээж авах эсэхийг хэлэхэд эрт байна. Өмнө нь УИХ ёсзүй, сахилга хариуцлагын асуудалд холбогдсон улстөрчдөө үйлдэл дээрээ баримтаар нотлогдоогүй л бол “шүд сугалах” зарчмаар парламентаас явуулдаггүй байлаа. Харин сүүлийн хоёр удаагийн парламент сахилга хариуцлага, ёсзүйн зарчмаа арай өөр өнцгөөс хардаг болсныг энэ жишээ нотлох юм.