ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: “60 тэрбум”-ын хэргийг эцэслэхгүй бол Олон улсын шүүхэд хандана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-28

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Тагнуулын Ерөнхий газарт мэдүүлэг өгч гарч ирснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, 60 тэрбумын хэрэгтээ холбоотой асуудлаар мэдүүлэг өгчээ.

Энэ талаараа “Прокуророос 60 тэрбумын хэргийг эргэн сэргээж эхэлсэнтэй холбогдуулан гэрчийн мэдүүлэг өглөө. Миний хувьд 93106060 утсанд ирсэн баримтууд болон voice record буюу хоолойн бичлэгийг өглөө. Мөн энэ асуудлыг тодрууллаа. Өмнө нь АТГ дээр энэ хэргийг хаачихсан байсан. Олон нийтийн анхаарал татсан учраас эргэн сэргээж байна. Ажлын хэсгийг хэн ахалж байгааг тодрууллаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог ахалж байна. Би эсэргүүцэж буйгаа хэллээ. Яагаад гэвэл энэ хэргийг өмнө АТГ-аас эвлүүлэг гэж үзээд хааж байсан.

Тэр үед ажилласан хүмүүс дахиад орж болохгүй ээ гэдгийг АТГ-ын дарга болон ТЕГ-ын даргад бичгээр өглөө. Тагнуулын Ерөнхий газар эвлүүлэг мөн биш гэдгийг тогтоохгүй бол би Олон улсын шүүхэд хандана. 1750 төрийн албан хаагчаас мэдүүлэг авсан гэдэг. Энэ хэргийг дахин шалгаж, далайцтай судлахыг санууллаа. Хугацаа орно гэдгийг хэлсэн. Гэхдээ хүлээнэ. Иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллага, гомдол гаргасан бүх хүн анхааралтай ажиглана шүү гэдгийг ч мөн хэлсэн” гэв.

Нөгөөтэйгүүр, мэдээлэгч буюу шүгэл үлээгч нь мэдээлэл өгснийхөө төлөө хохирдог асуудалд УИХ-ын гишүүний хувьд санаа зовж буйгаа хэлж байсан юм. Яагаад гэвэл, мэдүүлэг өгснийхөө төлөө маш их дарамтлуулж байгаа тохиолдол олон хэрэгт гардаг, өөрөө ч энэ бүхний хохирогч болж байгаа гэдгээ хэлж байлаа. Тиймээс намрын чуулган эхэлсэн даруйд мэдээлэл өгсөн иргэдийн эрх ашгийг хамгаалдаг хуулийн төсөл санаачлах бодолтой буйгаа мэдэгдлээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хэргийн анхны мэдээлэгч Г.Доржзодовтой та уулзсан уу?

-Уулзсан. Сая ч бас байцаалтын үеэр ч ярилаа. Энэ залуу үнэхээр үнэн мэдээлэл өгсөн үү, эсвэл өгсөн мэдээлэл нь эвлүүлэг байсан уу гэдгийг олж тогтоох ёстой шүү дээ. Хэрвээ тэр хүний мэдүүлэг нь үнэн бол энэ залуу нийгэмд “шүгэл” үлээж чадлаа гэдгийг хүлээн зөвшөөрч, өмнө нь яригдаж байсан хэргүүдийг эргэн сэргээж, нэр төрийг нь сэргээх ёстой. Ер нь сүүлийн үед АТГ-ынхан гэнэтхэн нэг хүнийг баривчилж хорьдог болсон. 30 хоног хорьчихоод эргээд суллачихдаг. Сая Ерөнхий сайд нарын асуудал ч бас яригдлаа. Буцааж суллаад л сураг алдарчихдаг. Хэрвээ үнэхээр буруутай зүйл хийгээд хоригдсон бол ямар нэг байдлаар шүүхийн өмнө шийдэх ёстой юм. Гэтэл огт буруугүй хүнийг 60 хоног хорино гэдэг хүний эрхийг зөрчсөн, зандалчилж байгаа хэлбэр юм. АТГ улс төрийн зорилгоор л ийм зүйл хийдэг боллоо. Улс төрийн өргөөр асуудлыг ярьдаг боллоо. Өчигдөрхөн АТГ-аас гурван сайдтай холбоотой авлигын асуудлыг ярилаа. Гэхдээ үнэнг гаргаж тавихгүй яасан юм бэ. Хуулийн байгууллага улстөрждөг, улс төрийн гар хөл болдог, хэргийг улстөрчийн хүсэл сонирхлоор нээж хаадаг байж болохгүй. Хэн нэгний мууг үзэх гэж, эсвэл зуны цагт улс төр хийх гэж энэ асуудлыг шүүрч аваагүй юм шүү гэдгийг хэлье.