ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-30

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ. 

 

Улсын хэмжээнд нийт 497 мянган га-д тариалалт хийжээ

Засгийн газраас газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, тодорхой шийдвэрүүдийн үр дүнд энэ онд тариалалт эрс нэмэгдсэн аж. Улсын хэмжээнд тариаланчид нийт 497 мянган га-д тариалалт хийснээс 367 мянган га-д үр тариа, 13 мянга га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал 38.8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалжээ. Энэ оны урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулбал 1.2-1.8 дахин өссөн үзүүлэлт гарсан байна. Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байгаа талбайн хэмжээ багагүй, мөн наймдугаар сар хур тунадас ихтэй байсны улмаас зарим бүс нутгуудад тариа хэнзлэн ургаж байгаа тул цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтыг технологийн дагуу чанартай гүйцэтгэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.  Тухайлбал, 450 мянган тонн үр тариа, 425 мянган тонн  буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн  хүнсний ногоо хураах аж. Мөн  30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөжээ. 

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаалах бэлтгэлийг хангаж байна

Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тог­тоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн та­лаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжил­тийн явцтай тус тус танилцлаа. УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас томилогдсон хамтарсан ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдох бэлтгэл ажлыг зохион байгуулж дууссан байна. Хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээлд  арилжаалахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулж компанийн дүрэмд зайлшгүй өөрчлөлт оруулах хуулийн шаардлага үүссэний дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард товлон хуралдуулах гэнэ. Хувьцааг нийтэд нээлттэй санал болгож арилжаалахтай холбоотой олон улсын аудит, хууль, эрхзүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэг ажлын даалгавруудыг хийж гүйцэтгэсэн байна.

Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журамтай болов

“Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохи­цуулах” журмыг батлав. Тус журам нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүнээс үзүүлэх хандив, тусламжаар ирүүлсэн бараа материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авч байршуулах, зарцуулах, тайлагнах харилцааг зохицуулах юм. Сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг болон бусад осол, эндлийн улмаас үүссэн олныг хамарсан хохирлыг арилгахад иргэд, олон нийт сайн дураараа эвлэлдэн нэгдэж, хандив тусламжийн мэдээллийн сувгууд олон болсон. Хохирогчдод тухайн тусламж шууд хүрсэн эсэх, үр дүн үзүүлж байгаа зэрэгт нэгдсэн дүгнэлт, хяналт дутмаг байсныг төрөөс зохицуулах зорилготой ажээ. Журамд хандив тусламж зохион байгуулах эрх бүхий субъектийг дараах байдлаар заасан байна. Үүнд, гамшиг ослын улмаас учирсан хохирол үндэсний эдийн засаг, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын хүмүүнлэгийн тусламж хүсэх, уриалга гаргах шийдвэрийг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутагт тухайн шатны Засаг дарга гаргана гэж тусгажээ.