ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сая дахь дугаараа гаргах тэр өдрийг хүсэн ерөөе

O.Admin
2018-09-06

“Монголын мэдээ” сонинд ажиллаж байсан нь бийр,  бэх түших болсон он жилүүдийн минь мартагдашгүй дурсгалт үеийн нэг байлаа. 2008 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр байсан санагдаж байна. Манай сонины 2000 дахь дугаар хэвлэгдэж бөөн хөөр болж билээ. Тэр цагаас хойш сонин маань өнөөдөр 5000 дахь дугаараа өлгийдөн авч байна. Цаг үе, санхүү эдийн засаг, боловсон хүчний бодлого  гээд олон зүйл нөлөөлдөг өдөр тутмын сонин нэг ч өдөр өнжилгүй тогтмол хэвлэгдэнэ гэдэг амаргүй ажил.

Тэгвэл манай сонин өнөөдөр 5000 дахь дугаараа өлгийдөж буй нь сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болж байна. Намайг ажиллаж байх хугацаанд манай сонины эрхлэгчээр Ё.Гэрэлчулуун, орлогч эрхлэгчээр МУСГЗ н.Дашрэнцэн, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар Д.Баярмаа, Э.Соёл-Эрдэнэ болон олон сайхан залуу сэтгүүлчид ажиллаж байлаа. Тэр он жилүүд улс төрийн хувьд ч “савалгаатай”–н дээр монголчууд бидэнд Олимпын анхны алтан медаль ирсэн дурсгалт өдрүүдээр дүүрэн, тэр бүхэн манай сонины нүүрийг чимж байсан нь мартагдашгүй. Гэрэл зурагчин Н.Ариунаа, Н.Номин-Эрдэнэ, сэтгүүлч С.Ууганбаяр, С.Баярхүү, Г.Уянга, П.Гуа-халиун,  н.Баярмаа зэрэг залуу сэтгүүлчид, санхүү менежментийн албаны Э.Сайнзаяа, О.Лхагвамаа, Д.Цэрэндулам, Ш.Цэцэгмаа зэрэг чадварлаг залуустай гар нийлэн ажиллаж тэднээс их зүйл суралцаж байжээ. Энэ бүхнийг эргэн дурсахад таатай.

Энэ жил сонины маань 20 жилийн ой болно. Залуус улам л эрч хүчтэй ажиллаж байна. Одоогийн эрхлэгч Б.Оюунгэрэл манай албаны даргаар ажиллаж байсан, тэрбээр 1000, 3000 дахь дугаарыг удирдан гаргаж байсан санагдана. Намтар баян түүхтэй сонины хойч үеийн залуус минь сониноо он удаан жил үргэлжлүүлэн уншигч олондоо хүргэж, үнэн зөв мэдээлэл түгээж, улам өнгөлгөөр хүртээн сая дахь дугаараа гаргах тэр өдрийг хүсэн ерөөе. 

 

Хүүхдийн зохиолч, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Цэнд-Аюушийн ЭнхтҮвшин